Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гарч сураггүй болсон иргэдийг хайж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр баг, “Хөх-Үзүүрийн шил гэдэг газарт 06.02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 07:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 8 км-ийн тойрогт зохион байгуулж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга баг, “Угалзтийн голын цоорхой” гэдэг газарт 06.03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 12:48 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 7 км-ийн тойрогт зохион байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.