Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслол 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болжээ. Тус арга хэмжээнд манай улсаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцов.
Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд манай улсаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцжээ.
Турк Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит ерөнхий сонгууль 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхийн буюу 50%+1 санал аваагүй тул 5 дугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.
Турк Улсын 12 дахь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлэхээр болж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч Эрдоган 2028 оны 5 дугаар сарыг дуустал БНТУ-ын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.