СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хүүхдийн баяраар QR кодтой 10 мянган бугуйвч тараана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлд хэрхэн зохион байгуулах талаар албаныхан мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба:

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр 20 асарт хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын худалдааг зохион байгуулна. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны 13 цэг ажиллана. Хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд худалдаа үйлчилгээний таван газар байна. Мөн хүүхдийн ордны хойд талд 20 асарт хүнсний худалдаа үйлчилгээ гарна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын 40 асар гаргаж байгаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнд худалдаа үйлчилгээний 20 цэг ажиллана. Эдгээр газарт тавдугаар сарын 30-ны өдөр хүнс болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар:

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр есөн дүүргийн хэмжээнд таван байршилд хүнсний үйл ажиллагаа явуулах 163 цэгт улсын 46 ахлах байцаагч хяналт тавин ажиллана. Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэх байгууллага, иргэдэд хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан. Эдгээрээс гурван байршилд түргэн тусламжийн машин байршуулсан. Ил задгай, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэхийг зөвлөж байна. 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар:

-Эцэг эх, асран хамгаалагчид олон нийт төвлөрсөн газруудаар хүүхдээ дагуулж явахдаа төөрөх тохиолдол гардаг. Мөн хүүхдэдээ хордож болзошгүй хоол хүнс, гэмтэж бэртэж болзошгүй тоглоомоос сэргийлж, анхаарах нь зүйтэй. Гол усны үерээс сэргийлэх нь чухал. Хэрвээ хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд шуурхай мэдээлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье. Нийтдээ QR кодтой, эцэг эхийн утас бичих боломжтой 10 мянган бугуйвчийг бага насны хүүхдэд тарааж өгч байгаа. Мөн 100 гаруй сайн дурын ажилчин ажиллана.

Тээврийн цагдаагийн алба:

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн гол арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдана. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр 14 байршилд хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүд болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

-Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал
-МУИС-ийн уулзвараас Гадаад Харилцааны Яамны уулзвар хүртэлх
-Амарын гудамж
-Чингис хааны музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
-Жуулчны гудамж
-Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Лагийн уулзвар
-Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хөдөлгөөн зохицуулалтад замын цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллана гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.