23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар манай улс 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн.
Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан бөгөөд Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж, өчигдөр шагналаа гардан авсан билээ.
Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар мөн оролцсон байна.
Тивийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг гурван сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардуулжээ. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулан өгсөн байна.
Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн зургаан жилийн турш сурагчид Физикийн хичээл заасан багшийн хөдөлмөр өнөөдрийн амжилтад чухал нөлөөтэй хэмээжээ.
Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.