Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлж, Нэгдсэн улс хамгийн зовиуртай шүдний өвчнөөсөө салахын тулд Пхеньянтай эв найрамдалтайгаар хэлэлцээр хийж эхэлсэн.
Умард Солонгосын залуу удирдагч Ким, Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн зургадугаар сард Сингапурт анх удаа уулзаж хагас зууны турш дайсагнасан харилцаагаа шинэ түвшинд ахиулсан.
Тэдний дараагийн уулзалт хэзээ, хаана болох нь тунчиг сонирхолтой асуулт хэвээр байв. Трамп Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа энэ талаар сэтгүүлч, сурвалжлагчдад мэдээлэл өгчээ.
Түүний хэлж байгаагаар Ким-Трампын хоёр дахь дээд хэмжээний уулзалт 2019 он гарангуут нэг, хоёрдугаар саруудын аль нэгэнд болно гэлээ. “Хаана гэдгийг одоогоор эцсийн байдлаар шийдээгүй. Ямартай ч гурван газар яригдсан, тэдний нэгийг сонгоно” гэж Нэгдсэн улсын тэргүүн ярьжээ.
Сурвалжлагч түүнээс “Умард Солонгосын удирдагчтай хийх дараагийн уулзалтаа АНУ-д хийж болох уу?” гэж асуухад Трамп “Ким Жон Ун зарим үед л энд айлчилж болно” хэмээн хариулсан байна.
Хоёр улсын харилцаа ойрын саруудад зогсонги байгаа. Трамп Умардын талыг аль болох богино хугацаанд цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоохыг шахаж байгаа ч Ким Жон Ун төдийлөн яарахгүй байна.
“Хоёр дахь удаагийн уулзалтаар Вашингтон Пхеньяныг цөмийн хөтөлбөрийнхөө талаар бүх мэдээллээ өг гэж шаардахгүй” гэдгийг дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн.
Эх сурвалж: www.nbcnews.com, www.cnn.com