“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Шивээхүрэн-Сэхэ боомтоор сүүлийн таван жилийн хугацаанд 45 сая орчим нүүрс гаргасан. Өнгөрсөн онд 22.5 сая тонн нүүрс гарсан. Энэ жил авто тээврээр 10 сая орчим тонн нүүрс тээвэрлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Уг төмөр замын бүтээн байгуулалт аравдугаар сард дуусахаар хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 20 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Төмөр замын хувьд авто тээврээр тээвэрлэснээс 3-5 дахин өртөг багатай.
Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын "Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой. Уг төмөр замын ажлыг үндэсний компани 100 хувь өөрийн хөрөнгөөр 200 гаруй тэрбум төгрөгөөр барьж, зургаан жилээр ашиглаж байгаад төрд үнэ төлбөргүй буцааж өгөхөөр тохиролцсон.
Таван цуваа, таван зүтгүүр, 300 орчим галт тэргээр төмөр зам ашиглалтад орсон өдрөөс 10 сая тонн нүүрсийг тээвэрлэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.