Эрхэмлэл
Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан суутнуудын дотроос номын тухай хамгийн гайхалтай зүйл хэлсэн хүн бол Македоны Александр юм. Ид хүчирхэг байх үед нь түүний жанжид хөрш зэргэлдээ газар орныг дайлан эзэлж, улс гүрнийхээ хил горьтгийг тэлэх бүрдээ түүнд хамгийн үнэ цэнэтэй бэлэг сэлтийг олзлон авчирдаг байжээ. Нэгэн удаа дайчин жанжин нь түүнд үнэлэгдэшгүй ер бусын, гоё тансаг эрдэнийн хайрцаг авчирч өргөн барив. Александр хаан эрдэнийн хайрцгийг үзэн баясаж, чамин сайхныг гайхан шагших мөртөө, үүнд би Илиадаг хадгална хэмээн дуун алдсан гэдэг юм.
Македоны Александрыг 13 настай байхад эцэг II Филип түүнийг их сэтгэгч Аристотельд шавь оруулжээ. Их сэтгэгч түүнд амьтан судлалаас эхлээд огторгуйн геометр хүртэл бүхий л шинжлэх ухааны үндсийг зааж, хаант засаглал, төрийг удирдахуй хийгээд байлдан эзлэхийг ухаан билгийг ч сургасан гэдэг. Аристотель багшаасаа түүний хүлээн авч, насан туршдаа нандигнасан нэгэн зүйл бол билэгт Хомерийн Илиада байлаа. Энэ туулсийн гайхамшигч номыг Аристотель өөрийн гараар буулган сийлж цэл залуу шавьдаа гүн хүндэтгэлтэйгээр дурсгажээ. Александр хаан Илиадаг асар нухацтайгаар шимтэн уншиж, алдар суут Ахиллийн сүр бадрангуй баатарлаг түүхийг шүтэх болсон гэдэг. Номоо тэрбээр насан туршдаа дэрнийхээ хажууд байлгасан гэж сурвалж бичигт өгүүлдэг бөгөөд эрдэнийн хайрцагт нандигнасан Илиадын тухай домог номыг эрхэмлэхийн үлгэр жишээ болон үлдсэн юм.
Уламжлал
Дорно дахины философи, гүн ухаанд хүний ухааран танихуйн хэр хэмжээг илэрхийлсэн “сав” хэмээх ойлголт буй. Хүн орчлонгийн эцэс төгсгөлгүй мэдлэгийн сангаас өөрийн савны хэмжээгээр утган авдаг. Эглийн саваар утгаж болох эрдэм мэдлэг гэж байх, үл болох нь бас байх. Ерөөс Дорнын соёл, уран туурвил хийгээд эрдэм ухаан бүхэлдээ ёгт илэрхийлэл, гүн далд утга, агуулгаар дүүрэн байдаг. Энэхүү Дорно дахины их соёлын ай савд багтах Монголын утга соёлын өгүүлэмж мөнхүү ёгт далдын санаа, гүн гүнзгий утга, уран тансаг илэрхийлэл бүхий өвөрмөц хэв шинжтэй. Хэдэн зуун дамжсан сурган хүмүүжүүлэх үндэсний уламжлалын салшгүй бүрэлдэхүүн болж хөгжсөн аман зохиол, ардын урлагийн төрлүүд, үүний дотор Монголын баатарлаг туульс бол монгол хүний төрөлх чанар хийгээд аж төрөхийн язгуур агуулгыг гүнзгий шингээж, омог зоригийг бадраах бадрангуй найруулга, давхар утга бүхий уран ёгтлол, зүйрлэлийн сүлжээгээр нийтгэгдэн бүтээгдсэн байдгаараа онцлогтой. Эр зориг, шийдмэг байдал, буцаж няцахгүй цэгц байх хийгээд ялан дийлэхийн ухаан, урыг илэрхий өгүүлдэг баатарлаг туульсын уламжлалт хэл, найруулгад орчин үеийн хүмүүнлэгийн ухаан, нийгмийн хандлагатай зөрчилдөхүйц, хүчирхийллийг уриалж буй мэт ойлгогдох,
Аавын бийд үзсэн, алалгүй горьгүй
Ээжийн бийд үзсэн, эвдэлгүй, горьгүй...
гэх зэрэг илэрхийллүүд элбэг тохиолдоно. Гэвч энэ бүхнийг дайсан этгээд, мангас, аваргасууд болон бусад сөрөг дүрийн соёлт баатруудын тухай үндсэн ойлголт, суурь ухагдахуун, цаашилбал, монголчуудын аж төрөхийн гүн ухаантай уялдуулан авч үзвэл харин ч эерэг, энэрэнгүй утга, ухуулгыг гаргадаг юм. Учир нь монголчууд “дайсан” гэх ерөнхий, нийтлэг томъёололд хэн нэгэн хүн ч юм уу, хэсэг бүлэг этгээдийг гэхээсээ илүү өөрийн дотоод сэтгэлийн хир болох үнэнч бус байдал, уур хилэн, өс хонзон, хүсэл шунал, буруу булхай, атгаг хорсол, амин хувиа хичээх зан суртахуун, жигшүүрт үйлийг сэдэх муу санаа гэх мэт элдэв гэмийг үлгэрлэн гаргаж, дүрчлэн үзүүлдэг онцлогтой. Сэтгэлийн гэм, сэдэл санааны муу муухай ихсэх тусам мангасын толгойн тоо олшрох зэрэг уран сайхны гайхалтай шийдлүүдийг гаргаж, “дайсныг” жигшүүлэх, өөрөө өөрийгөө цэгнэн зөв, сайныг цогцлоох, шударга ёсыг хамгаалах үзэл санааг зориг баатарлагийн омог огшилтой нь уялдуулан хүүхэд, багачуудын суурь хүмүүжилд суулгаж ирсэн нь сургах, ухааруулахын давтагдашгүй өвөрмөц арга гэж болно.
Гүн утга, чинадын асуулгыг ухаж, ухаарч номыг уншихын чиг зүгийг үүнээс ойлгож болно.
Улиглал
Үлгэр домог, туульс, судар зохиолын өвд шингээж, ам дамжуулан үлдээсэн танин мэдэхүй хийгээд соёл, хүмүүжлийн арвин их сан, уламжлалаа монголчууд дээдлэн хүндэлж, бурхантай хоймортоо баринтаглан залдаг. Доогуур тавьж, хойгуур эрэмблэхийг цээрлэдэг. Учир нь номонд мэдлэг, оюун ухаан, цаг хугацаа, зарчим дүрэм агуулагдаад зогсохгүй амьдрал, түүх, сургамж багтсан байдаг. Тийм болохоор л ном уншдаг хүн амьдралд тохиолдох элдэв бэрхшээл, сорилт шалгарлыг давж чадах сэтгэлгээний ур дүй, сэтгэлийн тэнхээтэй болдог.
Ном байвч уншихгүй байх нь нийгмийн сүлжээ, цахим технологи эрчимтэй хөгжиж буй энэ цаг үеийн хамгийн том бэрхшээл болсныг эцэг, эхчүүд шогшрон өгүүлдэг. Энэ тухай Нобелийн шагналт Йосиф Александрович Бродский “Номыг овоолж байгаад шатаахаас долоон дор нүгэл бий. Тэр бол уншихгүй байх” хэмээн ой тойнд шууд тустал хэлсэн байдаг. Унш, унш гэж улиг домог болтол үглэх нь сайн зүйл биш төдийгүй хүүхэд, залуусыг номоос улам холдуулах сөрөг үр дагавар дагуулдаг. Улиглан үглэх атлаа унших, ухаарахыг нь дэмжихгүй байх тэдэнд урвалт шиг хүндээр тусдгийг огтхон ч мартаж болохгүй. Номын соёл бол хүн хоорондын, хүн ёсны харилцааны үр дүн байдгийн энгийн илрэлүүд нь энэ бүхэн юм.
Учирлал
Нийслэлийн төв талбай гоёмсог асруудаар чимэглэгджээ. Номын баяр болж байна. Гурван хоног үргэлжлэх энэ баярын хугацаанд ном уншихыг зөвлөсөн, сануулсан, айлгаж ичээсэн, албадан сүрдүүлсэн элдэв янзын эш номлол суваг шуудуу бүрээр хахах биз. Буруу гэхгүй ээ. Нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн дийлэнх хэсэг нь залуус, хүүхдүүд тул энэ сувгаар түгэн тархаж буй мэдээ, мэдээлэл тэдэнд хангалттай хүрнэ.
Уриалан хөгжөөх, шинэ содон, ховор сонин ном туурвилыг танилцуулах, дэлгэрүүлэх, зохиолч, бүтээлчдийг дэмжиж, тэднийг уншигчидтай холбох гэх мэт олон талын ач холбогдолтой энэ баяр сүүлийн жилүүдэд хамгийн их хүртээмжтэй, олон хүн оролцдог, бодит өгөөжийг түгээж чаддаг ажил болж буйг онцолмоор санагддаг юм. Магадгүй, нийгэм, олон нийтэд чиглэсэн янз бүрийн салбарын олон үйл явдал зохиогддог ч номын баярын чинээний оролцоотой, хүртээмжтэй болдог нь тэр бүр үгүй. Нэг удаагийн номын баярт 180,000 гаруй хүн ирж, тэдний 95 хувь нь ном худалдан авдаг хэмээн саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн сүлжээн дэр өөрийн хуудсанд бичсэн байсан. Тэрбээр номын баярыг 2019 оноос эхлэн ивээлдээ авч, агуулгажуулах, хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон ажлыг хийж байгаа юм билээ. Энэ удаагийн 33 дахь Номын баярыг “үндэсний бичиг соёл” хэмээх агуулгаар баяжуулж, монгол бичиг, түүний өвөөр дамжуулан төрт ёс, засаглалын уламжлал, үндсэн хууль, хүний эрхийн үнэт зүйлсийг сурталчлахад чиглүүлж байгаа нь тун баялаг агаад шинэлэг болж байна.
Гол нь, ном байвч уншихгүй, уншиж буй мэт харагдавч ухахгүй бол ямар хэрэг байх вэ.
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Зовлон бэрхшээл, жаргал баярын алинд ч биднээс урваж шарвахгүй, хэзээд мөн чанараараа, утга агуулгаараа байж чаддаг хамгийн үнэнч, дотно нөхөр бол ном. Сэтгэл цуцаж, цээж хөндүүрлэхийн үед тулж тогтоож чадах хүчирхэг үгсийг бид бие биенээсээ сонсохоос илүүгээр номоос уншдаг. Мэргэн санаа, бүтээлч шийдлүүдийг бид уншсан ном, сурсан эрдэм, танин мэдсэн бүхнээсээ л олдог. Агуулгад автаж, учир явдлыг тунгаан өгөөж хүртэж унших нь сэтгэлгээний цэгцрэлд хүргэх сайн дадал, төвлөрлийг өгнө. Ой тогтоолт, анхаарал, сэтгэн бодохуйгаа хөгжүүлж чадвал аливааг өргөн хүрээтэй эргэцүүлж, тулгарсан мухардлыг шийдвэрлэх гарц гаргалгааг зөв олж харах чадвартай болдог. Энэ бүхэн хүнд чухам яагаад хэрэгтэйг учирлан, “Юу муу гэвэл хүний номгүй нь муу” хэмээн Говийн догшин Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа шүлэглэж үлдээсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.