Спортыг дэмжих сангийн зарцуулалт болон спортын холбоодын мөнгөний зарцуулалтыг ил тод болгохыг Спортын сэтгүүлч Н.Тамир шаардаж буйгаа илэрхийлэв.
Спортын сэтгүүлч Н.Тамир:
-Монгол Улсын Засгийн газрын дэргэд 24-25 сан байдаг. Сүүлийн үед БЗС-тай холбоотой асуудал ил тод болсноор “идээ, бээр” хагарч эхэлж байна. Би ганц охинтой. Охин маань гадаадын тэргүүлэх сургуульд өөрийнхөө чадвараар тэнцээд сурч байгаа. Жирийн иргэд бид БЗС-гаас санхүүжилт авах боломжгүй. Хэрвээ тийм боломж байсан бол миний охин долоо хоногийн 5-6 өдөр ажил хийлгүйгээр сурах боломж нь бүрэн байсан байна. Сүүлдээ эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдийн амьжиргааны зардлыг өгөхөөс гадна хувийн данс руу нь мөнгө явуулдаг байсан нь илэрч байна. Тэгэхээр үүнийг таслан зогсоох ёстой.
Засгийн газрын дэргэдэх Спортыг дэмжих сан 2017 оноос эхлэн Ё.Баатарбилэг сайдын үед санхүүжүүлж эхэлсэн. 2017-2019 онуудад Спортыг дэмжих сан үндсэндээ 55 төсөлд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан.
Ё.Баатарбилэг сайдын үед хагас жил хөөцөлдөж, 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэдгийг тодорхой болгосон. Уг мөнгийг яг юунд зарцуулсан талаар яамны газар, хэлтсүүд бие бие рүүгээ шидлээд баримтыг нь олж авч чадаагүй. Миний бие таван жилийн өмнөөс Спортыг дэмжих сан гэсэн нэртэй пэйж хуудас ажиллуулсан ч хакерт өртөж, групп дээр хамаг баримт нь үлдсэн.
Спортыг дэмжих санг 2019 онд зогсоосон гэж ойлготол 2022, 2023 онд 3.5 тэрбум төгрөгийг дахиад зарцуулаад явж байна. 2017-2023 оны хооронд таван жилийн хугацаанд 7.7 тэрбум төгрөг зарцуулчихсан.
Зарцуулалтыг харахаар спортын холбоод биш, сонин сонин нэртэй ТББ-ууд авсан байсан. Жишээлбэл, 70 сая төгрөгийг Архангай аймгийн Зүүн бүсийн оюутнуудын бие бялдрын хөгжил гээд авсан байсан.
Тэгэхээр Спортыг дэмжих сангийн зарцуулалтыг ил тод болгож, хууль бус зарцуулсан иргэн, аж ахуйн нэгж, ТББ-д хариуцлага тооцож, эргэн төлүүлж, жинхэнэ зарцуулах ёстой зүйлд нь зарцуулмаар байна.
Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбоонд FIFA жил бүр 1.5 сая ам.доллар, хөлбөмбөгийн дэлхийн аварга болсон жил болгон 1 сая ам.долларын санхүүжилт олгодог. Ковидын үеэр эмэгтэй хөлбөмбөгт зарцуулаарай хэмээн 500 мянган ам.доллар өгч байсан. Гэвч Монголын хөлбөмбөгийн холбоо уг санхүүжилтийг хөлбөмбөгийн хөгжилд зарцуулдаг эсэх нь ил тод биш. Тиймээс дээрх санхүүжилтийг ил тод болгохыг бас шаардаж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АТГ-т өргөдлөө өгөөрэй. Тэд нар БЗС-г шалгаж бгаан бна.Энэ аймаар хулгайн зарцуулалтыг шалгуулахгүй бол зүгээр л хулгайчид улам даврах болно