Соёлын дэд сайд М.Батбаяр Богд Хааны ордон музейг сэргээн засварлах ажлын урьдчилсан судалгаа хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзлаа.
Тус уулзалтад Энэтхэгийн Соёлын яамны Археологийн судалгааны газрын Зулфикар Али, Соёлын өвийг хамгаалах газрын Сундер Паул, археологич Мадхусудан Юнияал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Санжиу Кумар нарын төлөөлөгчид оролцсон байна.
Уулзалтын эхэнд Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн Энэтхэг улсын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Соёлын сайд Ч.Номин 2021 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Мохиндр Пратап Сингхтэй Богд Хааны Ордон музейд уулзах үеэрээ тус музейн барилга байгууламжийг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж түр саатсан байсан энэхүү ажил эхэлж байгаа юм.
Эдгээр мэргэжилтнүүд нь Зүүн өмнөд Азийн Лаос, Камбож, Тайланд зэрэг орны соёлын өвийг дурсгалыг сэргээн засварлаж байсан туршлагатай бөгөөд Богд Хааны ордон музейд ажиллаж, сэргээн засварлах шаардлагатай түүхэн дурсгалт барилга байгууламжтай танилцаж, судалгаа, санхүүгийн тооцоолол хийх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.