Гурван өгүүлбэрээр:
Хөрөнгийн зах зээл
2023 оны эхний улиралд 87 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар буурсан үзүүлэлт болохыг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Гэхдээ хөрөнгийн захын нийт үнэлгээ тайлант хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.4 хувиар өсөж, 6.5 их наяд төгрөг хүрсэн нь “Газар шим үйлдвэр” ХК 10.5 тэрбум төгрөгийг IPO-оор, “Сэндли ББСБ” ХХК 8.5 тэрбум төгрөгийг бондын арилжаанаас тус тус татан төвлөрүүлсэнтэй холбоотой аж.
Харин хоёрдугаар улиралд ХААН банк болон Худалдаа хөгжлийн банк IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөг давж байгаа гэхэд болно. Хас банк IPO хийснээр энэ дүн улам өсөхөөр хүлээгдэж байна.
Топ 20 яав?
Тэгвэл МХБ-ийн “Топ-20” индекс тайлант хугацаанд 3.6 хувиар буурч, 36 мянга 723 нэгж боллоо. Эхний улирлын байдлаар “Топ-20”-ын сагсын дийлэнхийг аж үйлдвэр, банк санхүүгийн салбар бүрдүүлж байгаагаас банк санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээгээр эзлэх хувь өмнөх оноос 22.7 нэгж хувиар огцом өсөж, 41.2 хувийг бүрдүүлэх болсныг СЗХ мэдээлж байна. Үүнд Төрийн банк, Голомт банк индексийн сагсад шинээр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Байр суурь
“Улс төрийн циклээс хамааралгүйгээр төсвийн зарцуулалтыг ДНБ-ий үзүүлэлттэй харьцуулан харвал Монголд одоо ч зарцуулалт цар тахлын өмнөх үеэс өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Тиймээс төсвийн тохиргоо хийж, үр ашигтай зарцуулалтыг сайжруулах арга хэмжээ хэрэгтэй. Мөн эрчим хүчний татаастай холбоотой реформыг үргэлжлүүлэх, тэтгэвэртэй холбоотой татаасыг ирээдүйд бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Импортыг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгө оруулалт хийх нь төлбөрийн тэнцэлд ихээхэн дарамт учруулж байна. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх чухал юм” хэмээн Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Хосэ Санчез “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
TMK-ийн ахиц
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” төслийнхөө туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийн сүүлийн буюу гурав дахь цооногийг өрөмдөж эхэлсэн тул энэ сарын эцэс гэхэд өрөмдлөгийн ажил дуусах төлөвтэйг мэдээллээ. Үүнээс өмнө хоёр цооног өрөмдөж, үйлдвэрлэлийн байгууламжтай холбохоор хоолой суурилуулахад бэлэн болжээ. Өмнөх цооногууд болох “Lucky Fox-1” болон “Lucky Fox-2” цооногоор 60 орчим метр зузаан хийтэй нүүрс илрүүлээд байгаагаа мэдээлсэн юм. Энэ нь ашигласан геологийн загварчлал нь зөв сайн байсныг баталж, энэ оны хоёрдугаарт хагаст эхлэх туршилтын үйлдвэрлэл эхлэхэд бэлэн болохыг харуулж байгааг онцолсон байна.
Факторинг нэвтрэв
"ХААН банк” нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн төрөл болох факторинг үйлчилгээг эхний ээлжид ХАА, үйлдвэрлэл, худалдааны салбаруудад нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү үйлчилгээ нь бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч талуудын хооронд үүссэн авлагыг гуравдагч тал худалдан авах замаар бэлтгэн нийлүүлэгчид богино хугацааны санхүүжилт олгох онцлогтой. Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгч байгууллагууд нийт борлуулах бараа, бүтээгдэхүүнийхээ 75 хүртэлх хувийг, хөдөө аж ахуйн салбарынхан 79 хүртэлх хувийг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр борлуулдаг нь нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, бизнесийн урсгал саарахад нөлөөлдөг аж.
Шинэ төлөөлөгчид
Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр 2013-2017 онд Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Ахлах эдийн засагчаар ажиллаж байсан Ли Таехюн томилогдлоо. Тэрбээр Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад хамтрагч талуудтай хийх Дэлхийн банкны бодлогын хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхэд төвлөрөн ажиллахаа мэдэгджээ. Мөн энэ сард ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр Тигран Покхосен томилогдоод байгаа билээ.
Хамгийн өндөр торгууль
Европын Холбооноос "Meta" компанид мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар түүхэн өндөр дүн болох 1.2 тэрбум еврогийн торгууль ногдууллаа. ЕХ-ны зохицуулагч байгууллага тус компанийг хэрэглэгчийн хувийн мэдээллийг Америкийн аюулгүй байдлын албадаас хамгаалах шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж дээрх дүн бүхий торгуулийг ногдуулснаас гадна хэрэглэгчдийн мэдээллийг АНУ руу дамжуулахаа зогсоох таван сарын хугацааг компанид өгсөн байна. Сошиал сүлжээний аварга компанийн зүгээс Ирландын Дата аюулгүй байдлын хорооны санаачлан гаргасан энэхүү шийдвэрийг "алдаатай, үндэслэлгүй" хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгджээ.
Холимог дүр зураг
Уналтад орсон “First Republic” банкийг худалдан авсан нь “JPMorgan”-д багагүй ашиг авчрахаар байгаа тул тус банк энэ оны цэвэр хүүгийн орлогын төсөөллөө 81 тэрбум ам.доллароос 84 тэрбум ам.долларт хүргэн өсгөжээ. Гэхдээ бүх зүйл ахицтай гэвэл үгүй: Банкны хөрөнгө оруулалт, арилжааны орлого энэ улиралд өмнөх оны мөн үеэс тус бүр 15 гаруй хувиар унах төлөвтэйн зэрэгцээ Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын тодорхойгүй төлөвтэй холбоотой эрсдэл хэвээр байгааг “JPMorgan”-ийн удирдлагууд мэдээлсэн байна.
Татах хүчнээс эрчим хүч
Калифорнид төвтэй стартап “Energy Vault” эрчим хүч үйлдвэрлэл-хадгалалтын анхны томоохон төсөл нь болох татах хүчний тусламжтай эрчим хүч гарган авах системээ ашиглалтад оруулахад тун ойртжээ. БНХАУ-ын Шанхай хотоос хойд зүгт, Рудонд байршилтай тус төслийн барилгын ажил есдүгээр сард дуусах бөгөөд дөрвөн цагийн хугацаанд 25 мегаватт хүртэлх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхыг компанийн Гүйцэтгэх захирал Роберт Пикони мэдээлсэн байна.
Өдгөө дэлхийд маш цөөхөн байгаа энэ төрлийн системийн ажиллах зарчим нь усан цахилгаан станцын шахах механизмтай төстэй. Тодруулбал “Energy Vault”-ийн систем нь цахилгаан мотор ашиглан 35 тонн хүртэлх жинтэй хүнд блокуудыг өргөдөг. Улмаар тэдгээрийг газарт буулгах үед хожим цахилгаан эрчим хүч рүү хувиргах боломжтой энерги бий болдог байна.\
Орчин цагийн тансаглал бол…
Аливаа ажил сэтгэл ханамжийг мэдрүүлдэг байх ёстой гэдэг нь харьцангуй орчин үед гарч ирсэн ойлголт юм. Ажил мэргэжил зөвхөн мөнгө бус сэтгэл зүйн "ногдол ашиг"-ийг танд төлдөг байх хэрэгтэй гэсэн санаа 20-р зуунаас өмнө амьдарч байсан ихэнх хүнд хачирхалтай санагдах байв.
Гэтэл хожим нэг зүйл өөрчлөгдөв. Энэхүү өөрчлөлтийг авчирсан гавъяаны багагүй хувийг ажлаас сэтгэл ханамж мэдэрч чадалгүй залуу насаа өнгөрөөсөн Роберт Хоппок хэмээх эр хүртэнэ. Хүсэж байсан зүйлээ эцэст нь олохдоо тэрбээр зөвхөн өөртөө аз жаргалыг авчраад зогсохгүй бидний хувьд ажил мэргэжлийг хүссэндээ хүрэхийн тулд хийх ёстой зүйл биш, харин хүссэндээ хийдэг зүйл болгон хувиргасан юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
Goldman Sachs: Юанийн ханш үргэлжлэн унах төлөвтэй
“SpaceX” дөрвөн сансрын нисгэгчийг олон улсын сансрын станц руу хөөргөв
“Instagram” VI сард "Twitter"-тэй өрсөлдөхүйц шинэ аппликейшн танилцуулна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.