Каннын 76 дахь удаагийн Олон улсын кино наадмын хүрээнд Монгол Улс анх удаа “Монгол өдөрлөг” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Каннын Олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм.
Тэдгээр зочдод Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулсан ба Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зураг авалт хийхэд тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий байршлуудыг танилцуулав.
Мөн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Байгалийн хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэн”, Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж,амьдарч буй Монгол уран бүтээлчдийн морин хуур, уран нугаралтын үзүүлбэр, уран бичлэгийн үзүүлбэр зэргийг зочдод сонирхуулсан юм.
Үйл ажиллагааны хүрээнд залуу найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ удаагийн Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” хэсгийн өрсөлдөөнт шатанд шалгарсан баярт мэдээг зочдод зарласан ба тус киноны анхны үзвэр кино наадмын үеэр 05 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр “Debussy” театрт зохион байгуулагдах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.