УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн боловсруулах, танилцуулга, санал, дүгнэлт гаргах үйл ажиллагааг 2023 оны тавдугаар сарын 03-17-ны өдрүүдэд хариуцан зохион байгуулсан юм.
Улсын Их Хурлын даргын “Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажиллах тухай” 2023 оны 85 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүд төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, олон нийтийн оролцоог хангаж, санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулах зорилгоор 2023 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тойрогтоо ажилласан. Энэ хугацаанд Улсын Их Хурлын 64 гишүүн 21 аймгийн 197 сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж 62,672 иргэнд мэдээлэл хүргэж, санал авсан байна.
Монгол Улсын Их Хурлын олон нийттэй харилцах сувгуудаар ирүүлсэн иргэд, байгууллагын санал: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд Улсын Их Хурлын олон нийттэй харилцах мэдээллийн 6 сувгаар дамжуулан 273 иргэн, байгууллагаас нийт 561 санал ирүүлснээс 264 санал буюу 47.1 хувь нь d.parliament.mn цахим хаягаар, 202 санал буюу 36.0 хувь нь Улсын Их Хурлын цахим хаягаар, 13 санал буюу 2.3 хувь нь цахим шуудангаар, 4 санал буюу 0.7 хувь нь албан бичгээр, 44 санал буюу 7.8 хувь нь албаны харилцах утсаар, 34 санал буюу 6.1 хувь нь иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн санал байна.
Төрийн албан хаагчдын саналыг тусгах үүднээс Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог 11 байгууллага, төрийн захиргааны төв 16, төрийн захиргааны 38, нийт 65 байгууллагад албан бичиг хүргүүлж, санал авах ажлыг зохион байгуулсан. Төслийн талаар танилцуулга хийж, мэдээллээр ханган, санал бодлыг сонсох, санал авах ажлын хүрээнд нийт 65 байгууллага 1,543 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 104,323 төрийн албан хаагч 311,980 санал ирүүлсэн байна. Ирсэн мэдээллийг боловсруулах, санал сонсох ажил үргэлжилж байна.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуусны дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэгдүгээр зүйл “1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.” гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 66 гишүүний 63 нь уг томьёоллыг дэмжээгүй юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 66 гишүүний 61 нь буюу 92.4 хувь нь тус томьёоллыг дэмжлээ. Ийнхүү хоёр дахь хэлэлцүүлэгт оруулсан төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр нь дэс дараалан санал хураалт явуулснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, зарчмыг баримталж, иргэдэд төслийн талаарх саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгож, иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах чиглэлийг Улсын Их Хурлын нийт гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газарт өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.