Гурван өгүүлбэрээр:
Захиалга биелэв
Худалдаа, хөгжлийн банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц эхний өдрөө 100.39 хувьтай бүрэн биелж, 5-р сарын 19-ний 10.20 цагийн байдлаар 535 хөрөнгө оруулагчаас 83.8 тэрбум төгрөгийн захиалга аваад байна. Нэгж бүр нь 33 мянган төгрөгийн үнэтэй 2.5 сая гаруй ширхэг хувьцаа арилжаалах уг IPO-ийн захиалга тавдугаар сарын 18-23-ны хооронд үргэлжлэх юм. "Монголын Хөрөнгийн Биржид хувьцаагаа арилжаалж, олон нийтийн компани болж байгаа нь бидний хувьд зөвхөн эхлэл. Бидний цаашдын зорилго бол олон улсын зах зээлд гарах явдал юм" хэмээн Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэлж байв.
“Үнэ цэнтэй хувьцаа байх ёстой гэсэн үүднээс ХХБ-ны нэгж хувьцааны үнийг 33 мянган төгрөгөөр тогтоосон. Олон улсад бонд гаргаж, өөрийн эх үүсвэрээсээ тэдгээрийг төлсөн, мөн гадаадын сангуудаас хөрөнгө оруулалт авдаг учраас ХХБ-д итгэл итгэл нэлээд өндөр байгаа болов уу. ХХБ нь олон улсад гарсан Монголын анхны банк болно гэсэн зорилт тавиад байгаа. Тиймээс олон улсын зах зээлд гарахад нэгж хувьцааны ханш дор хаяж 10 ам.доллартай дүйцэхүйц хэмжээний үнэлгээтэй байвал зүгээр. Эс бөгөөс гадаадын хөрөнгө оруулагчдад "penny stock" буюу хямд үнэлгээтэй хувьцаа гэх сэтгэгдэл төрүүлнэ”
ТУЗ-ийн гишүүн
Компаниудад ТУЗ-ийн хараат бус гишүүн дутагдалтай байна уу? Мөн ТУЗ-ийн гишүүдэд олгох цалин хангалттай байдаг уу? Үнэт цаасны хоёр компанийн жишээг харвал…
"Мандал ассет менежмент ҮЦК" ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх Б.Ган-Эрдэнэ: Нээлттэй хувьцаат компанийн ТУЗ есөн гишүүнтэй байна. Түүний гуравны нэг нь хараат биш байна гэж компанийн тухай хуулинд заасан. Зургааг нь компани дотроосоо шийдчих боломжтой. Харин хөндлөнгийн гурван хараат бус гишүүнд компанийн тухай хуулиар хатуу шаардлага тавьдаг. Тухайн компанитай холбогдох этгээд биш байх, тухайн компанидаа сүүлийн гурван жил эрх бүхий албан тушаал хашаагүй байх гэх мэт тодорхой шаардлагууд бий. Тиймээс эдгээр гишүүн дээр олдоц багатай байдаг.
“БиДиСек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж: Компаниуд ТУЗ-ийн гишүүндээ янз бүрийн шаардлага тавьдаг. Манайх ердийн 5 хараат бус 4 гишүүнтэй. Ердийн гишүүнээ хувьцаа эзэмшигчдээсээ бүрдүүлээд, эсвэл менежментэд ажиллаж буй хүмүүсээс бүрдүүлж байгаа юм. Хараат бус гишүүдийг санал болгох журмаар тодруулдаг. Нээлттэй зарлаад шалгаруулж авах нь зөв систем. Гэхдээ бидний шаардлагад нийцэх хүн шалгаруулалтад орж ирдэггүй юм. Бидэнд зааж зөвлөх хүн нээлттэй шалгаруулалтад нэрээ өгөөд байдаггүй. ТУЗ-ийн гишүүд илүү туршлагатай мэргэжилтэй сайн хүмүүс байх ёстой. Нэр дэвшигч гэхээсээ илүү гүйцэтгэх удирдлагад тус дэм болох хүмүүст бид өөрсдөө санал тавьдаг. Манай компанийн ТУЗ-д япон болон туркийн хөрөнгө оруулагчид байдаг бөгөөд сард 600 мянган төгрөгийн цалин өгдөг.
Нүүрс тээвэр татрав
“SXCoal”-ийн мэдээлснээр тавдугаар сарын 17-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монголын нүүрс тээврийн 584 автомашин гарсан нь 2023 оны хоёрдугаар сард тус боомтоор нэвтэрч буй автомашины тоо 1,000 давж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байна. Мөн долоо хоногийн дунджаар БНХАУ-ын коксжих нүүрсний үйлдвэрүүдийн нөөц 940 мянган тонн болж, сүүлийн найм хоногт анх удаа буурчээ. Нөөц ийнхүү буурч байгаагаас коксжих нүүрсний үнийн уналт тогтворжиж магадгүй гэсэн эерэг хүлээлт үүсээд байгааг “SXCoal” мэдээллээ. Тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монголын коксжих нүүрс тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байсан аж.
Шийдэл ойртсоор
Өрийн таазыг нэмэх асуудлаар АНУ-ын Конгрессын хоёр танхим ирэх долоо хоногт тохиролцоонд хүрэх хүлээлттэй байгааг Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккарти илэрхийлжээ. Яриа хэлэлцээ одоо илүү нааштай шатанд очсон бөгөөд хоёр тал төсвийн зардлыг хэр хэмжээгээр танах, өрийн таазыг аль түвшинд дээшлүүлэх талаар ярилцаж байгааг тэрбээр мөн мэдээлсэн байна. Түүхэндээ анх удаа өрийн дефолт зарлах эрсдэлээс гарах эцсийн хугацаа болох зургаадугаар сарын 1-нээс өмнө АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхим дээрх асуудлаар тус бүртээ санал хураалт явуулах шаардлагатай байгаа юм.
Хуваалт эхлэв
“Alibaba” компани логистикийн болон хүнсний бүтээгдэхүүний охин компаниуддаа IPO хийж, мөн 12 тэрбум ам.доллароор үнэлэгдэх үүлэн технологийн бизнесээ тусад нь гаргахад бэлэн болжээ. Ингэснээр тус компани орлогын сул өсөлтийг сэргээхийн тулд бизнесээ зургаан хэсэгт хуваах удаан хүлээлгэсэн төлөвлөгөөнийхөө эхний үе шатыг эхлүүлж байна. Гурван улирал дараалан орлогын өсөлт нь нэг оронтой тоонд хадгалагдаж байгаа “Alibaba”-ийн Гүйцэтгэх захирал Дэниел Жан энэхүү түүхэн өөрчлөлт хэрхэн явагдах ерөнхий зарчмыг мөн танилцуулсан аж.
Вьетнам экспортлогч
Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компанийн үйл ажиллагаа тогтвортой байвал 2025 оноос, эсвэл бүр 2024 оны эцсээс ашигтай ажиллаж эхлэх боломжтойг компанийн Үүсгэн байгуулагч Фам Нят Выонг онцолжээ. Толгой компани нь болох “Vingroup”-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлын үеэр тус компани энэ онд 45-50 мянган нэгж цахилгаан автомашин борлуулна гэсэн тооцоотой байгааг онцолсон байна.
Зүтгэлийн үр шим
Сингапурын үндэсний агаарын тээврийн компани “Singapore Airlines” өнгөрсөн онд 76 жилийн түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан амжилтаа тэмдэглэж, ажилтнууддаа томоохон урамшуулал олгохоор болжээ. Болзол хангасан ажилтнуудад компанийн ашгийн хуваалтаас 6.65 сарын цалинтай дүйцэх урамшуулал олгохоос гадна цар тахлын хүнд үеийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлсэн шагнал болох 1.5 сарын цалин нэмэлтээр олгохыг компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
БНТУ-ын Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна
“Nissan”-ийн ашгийн төсөөлөл шинжээчдийн таамгийг давав
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.