УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Монгол Улс нүүрсээ ил тод арилжаалж эхэлснээр байгалийн баялгийн үнэ цэнэ нэмэгдэж Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байна. Үүний үр дүнд 2023 оны нэгдүгээр улиралд нэг тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр улиралд 79.6 сая ам.долларын ашигтай гарсан. Улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрсэн. Түүнчлэн урд хөрш цар тахлын хатуу хөл хоригоо цуцалсан нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний гадаад эрэлт, үнэд эергээр нөлөөлж байна.
Оюутолгойн далд уурхай эхэлж шинэ сэргэлтийн болон боомтын дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засгийн өсөлт 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх үеэс өсөх хандлагатай байна. Ингэснээр энэ оны эцэс гэхэд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ бүрэн хүрэх хүлээлттэй байна. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарал хандуулан төрөлжүүлэх, эдийн засгийн дархлааг бий болгох нь чухал байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.