Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын 8 их сургууль, коллеж оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцуулж байна.
Зам, тээврийн салбар нь төмөр зам, автотээвэр, авто зам, агаарын тээвэр, далайн тээвэр гэсэн үндсэн 5 салбартай. Салбарт өнөөдрийн байдлаар нийт 40 гаруй мянган хүн ажиллаж, гадаадад 400, дотоодод 3000 орчим оюутан зам, тээврийн мэргэжлээр суралцаж байна.
Төмөр замын сүлжээ өргөжин тэлж, авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, автотээвэр, агаарын тээврийн либералчлалын хүрээнд нисэхийн салбарт чадварлаг хүний нөөц, ажиллах хүчний эрэлт өндөр байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнөөдрийн арга хэмжээгээр зам тээврийн салбарт маш их боломжууд байгаа гэдгийг арван жилийн сурагчдад болон их дээд сургуулийн оюутнуудад танилцуулж байна. Энэ салбарт ойрын жилүүдэд мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байгаа. Ямар мэргэжлээр суралцахаа мэдэхгүй байгаа сурагчид манай салбараар суралцсанаар сургуулиа төгсөөд бэлэн ажлын байр байгаа шүү гэдгийг дурдмаар байна. Энэ салбарын мэргэжил бол ирээдүйд өсөн дэвжих боломжтой мэргэжил” гэдгийг дурдлаа.
“SCHOLARSHIP ROAD-2023” зам тээврийн салбарын боловсролын үзэсгэлэнд ирснээр энэ салбарын бүхий л мэргэжлийн талаар анхан шатны ойлголт авахаас гадна. Зам тээврийн салбараар төгсөх болон төгссөн суралцагч нарт зориулан нээлттэй ажлын байрыг зарласан байлаа.
Түүнчлэн энэ салбараар суралцаж байгаа оюутан залууст зориулан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд зуны улиралд ажиллах ажлын байрыг санал болгож байлаа.
Энэ хүрээд энэ жилээс эхлэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын нэрэмжит зам, тээврийн салбарын чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгох журмыг батлан салбарын хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллахаар болж байна. Энэ тэтгэлгийн зорилго нь зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэх юм.
Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашин сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломжийг олгоно.
Жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 оюутанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус бүр олгох бөгөөд тэтгэлэгт хамрагдсан суралцагчид мэргэжлээрээ амжилттай суралцсан, төгсөөд зам, тээврийн салбарт 3 ба түүнээс дээш жил ажиллах гэрээтэйгээр ажлын байраар бүрэн хангагдах зохицуулалтыг оруулсан.
Зам тээврийн салбарын мэргэжлээр дотоодод ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, Барилга инженерийн сургууль, УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд голчлон бэлддэг. Харин гадаадад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнам Улсын их дээд сургуулиудад салбарын мэргэжилтэн бэлтгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.