СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-05-18

Энэтхэгийн Маренго Азиа эмнэлэг манай улсад нээгдсэнээр иргэд хямд үнээр чанартай үйлчилгээ авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Энэтхэгийн Маренго Азиа эмнэлэг Монгол улсад нээгдэнэ. Ингэснээр 60 сая төгрөгөөр хилийн чандад хийгддэг байсан хагалгааг эх орондоо 20 гаруй сая төгрөгөөр хийлгэх боломж бүрдэх юм.  

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд:

-Монголчууд Энэтхэгт маш ихээр очдог. Сардаа мянгаад хүн виз авч байна. Ихэнх хүмүүс нь төрөл бүрийн эмчилгээнд хамрагдаж байна. Тухайлбал хорт хавдар, эрхтэн шилжүүлэх, тархи, нугас, хүүхдийн зүрх гэх мэт тохиолдлууд их байна. Маренго Азиа эмнэлэг нь байгуулагдаад 10 гаруй жил болж буй эмнэлэг. Жагсаалтаараа эхний аравт ордог. Дели хотод гурван эмнэлэгтэй. Ойрх Дорнодод арав гаруй эмнэлэгтэй. Миний хувьд очоод жил хагас болж байна. Иргэдтэйгээ уулзсан. Мөн Дели хотод байрлах монголчуудын очдог арав гаруй эмнэлэг дээр нь очиж үзлээ. Эмч нартай нь уулзсан. Манайхан их зардал гарган очдог юм байна. Элэг шилжүүлэхэд өвчтөн, донор, хоёр асрагч гээд дөрвөн хүний замын зардал, 3-4 сар байрлах байрны зардал, хоол, эмчилгээнд дунджаар 60 гаруй сая төгрөг зарцуулдаг юм байна. Иргэд маань бүхнээ шавхаад л очдог. Харин манай улсад тус хагалгааг хийхэд замын зардал, бусад зардал нь хасагдаад, 6-8 мянган долларт багтана гэж тооцоолж байна.

Гадагшаа гарч эмчлүүлдэг хөдөлгөөнийг зогсоохын тулд Иргэдийнхээ нуруунаас санхүүгийн ачааллыг бууруулах зорилго тавьж байна. Маренго Азиа эмнэлэг өргөн хүрээний мэргэжлийн эмнэлэг. Хагалгаа хийнэ, эрхтэн шилжүүлэн суулгах , тархи, нугасны эмчилгээ, химийн эмчилгээ зэрэг бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Бид Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд, ХСҮТ, Нэгдүгээр эмнэлэг, Цэргийн эмнэлэг зэрэг холбогдох албаныхантай уулзсан. Төрөл бүрийн хамтын ажиллагааны хэлбэрүүдийг ярилцаж байна. Эхний удаад мэдээлэл солилцсон. Одоо Монголын эмч нар Энэтхэгт очно. Одоогоор яг тохирсон зүйл алга. Гэхдээ байгаа эмнэлгийн нөхцөл дээр нь Энэтхэгийн мэргэжилтнүүдээ авчирч, давхар монголчуудаа сургах аргаар үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж бодож байна. Энэтхэгийн мэргэжилтнүүд маш сайнд тооцогддог, эмнэлгийн тоног төхөөрөмж сайн, эмнэлгийн менежмент барууны стандартаар явагддаг. Мөн эмийг дотооддоо үйлдвэрлээд хямдаар борлуулдаг. Япон, Солонгост 50-60 мянган долларын өртөгтэй хагалгааг Энэтхэгт 20 мянган доллароор хийдэг гэв. 

“Маренго Asia” эмнэлгийн ерөнхий захирал Раажив Сингхал:

-Манай эмнэлэг Энэтхэгт дөрвөн салбартай. Манай эмнэлэг зүрхний мэс засал, уушги, зүрх, элэг гээд бүх төрлийн эрхтэн шилжүүлэх мэс засал, мэдрэл талдаа илүү нарийн мэргэшсэн эмнэлэг. Бид Монголын эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн алба хаагчидтай хамтран ажиллаж, хагалгаа, мэс заслыг хамт хийнэ. Мөн Монголын эмч нарыг Энэтхэгт аваачин чадавхжуулах тал дээр илүү анхаарч ажиллана. Монголд байгаа өвчтэй хүмүүсийг заавал гадаад руу явуулахгүйгээр энд нь харьцангуй боломжийн үнээр нь тусламж үзүүлэхэд гол ажил маань чиглэгдэнэ. Монголын Засгийн газраас олон чухал зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Монгол эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ илүү өргөжүүлэх хэрэгтэй гэж санагдлаа. Үүний тулд хүний нөөцийн чадавхыг сайжруулах нь чухал. Бид нарын зүгээс Энэтхэгийн эмч нарын туршлага, мэдлэгийг хуваалцаж ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.