Соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардан Соёлын сайд Ч.Номинтой өчигдөр уулзаж, асуудлаа ярилцсан.
Соёл урлагийн салбарынхны хувьд Монгол улсын иргэдийн дундаж цалин болох 1.5 сая төгрөг хүрэхгүй цалин авч буйдаа гутарч байгаагаа илэрхийлж, хамгийн багадаа 1.5-3 сая төгрөгийн цалинг авмаар буйгаа салбарын сайддаа уламжилж ярьсан.
Тэгвэл Соёлын сайд өчигдөр 23:00 цагийн үед өөрийн сошиал сувгаар дараах тайлбарыг нийт урлагийн салбарынхандаа хандаж хэлсэн байна.
Тэрбээр "Соёл, урлагийн салбарынхны шаардлага бол зүй ёсны шаардлага. Энэ салбарыг он удаан жил орхигдуулсан нь үнэн. Цалинг үе шаттай нэмэхээр боллоо. Үнэлэмжийн ялгааг арилгахаар боллоо. Гэлээ гээд энэ нь бүх асуудлыг шийдэхгүй. Гал унтраасан түр шийдэл.
Иймээс салбарын байгууллагуудын засаглал, менежментийн реформыг эхлүүлэх цаг нэгэнт иржээ гэж үзэж байна. Төр байгаа цагт соёлын өв, сонгодог урлагаа бодлогоор дэмжиж авч явна.
Санхүүгийн ашиггүй байсан ч хамаагүй. Гэхдээ биеэ даах болсон урлагийн зарим төрлүүдийг либералчлах, уран бүтээлчдэд нь өөрсдөд нь даалгах шийдлийг санал болгоно" хэмээн бичсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.