Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр Соёлын сайд Ч.Номин, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.
Соёлын сайд Ч.Номин:
-Монгол улсад 352 урлагийн байгууллагад 4470 уран бүтээлч ажиллаж байна. Цалин бага байна, жагсаж цуглана гээд байгаа учир үүний 3002 хүнд таван жил тутамд олгодог, зургаан сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг олгохоор боллоо. Тэтгэмжид 70 хувь нь хамрагдах тооцоо гарсан.
Соёлын салбарынхны цалин, урамшуулал хөрөөний ир шиг харилцан адилгүй байна. Иймд 2023 онд багтаж соёлын салбарын ажилчдын цалинг боловсролын салбартай ижил түвшинд хүргэнэ. Яваандаа үр дүнд суурилсан цалин, урамшууллын систем рүү шилжинэ.
-Урлагийн ажил хаялт зарлана. Наадамд оролцохгүй, бойкотлоно гэсэн зүйл яригдаж байгаа?
"Баяр наадамд оролцохгүй" гэсэн өргөдөл болон амаар хэлсэн зүйл одоогоор яаманд ирээгүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
-Монгол улсад 225 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалин нийслэлийнхнээс бага байна. Тэр ч бүү хэл нийслэлийн төрийн албан хаагчдын цалин харилцан адилгүй байна. Цагдаагийн ажилтны цалин нэг сая төгрөгөөс эхэлж байхад бусад тусгай албаны цалин хамаагүй бага байна. Хэлтсийн даргын цалин ахлах ажилтны цалингаас 20,30 мянгын зөрүүтэй байна. Тэтгэврээс доогуур цалин авдаг тохиолдол ч байна.
Хөрөөний ир шиг энэ харилцан адилгүй байдлыг тэгшитгэнэ. Цалинг тэгшитгэж, үр дүнд суурилж, шат дараатай нэмэгдүүлнэ. Үүнийг төсвийн тодотголоор шийдвэрлэнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнөөдрийн Засгийн хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлж, ШӨХТГ-ын даргаар томилсон.
Нэг жил гаруйн өмнө олон улсын байгууллагын зүгээс дампууруул гэж шаардаж байсан, дампуурлаа зарлахад бэлэн байсан Хөгжлийн банк жилийн эцсийн тооцоогоор ашигтай ажилласан гэж гарсан.
Уг нь банк хүүгийн зөрүүнээс ашиг олж ажиллах ёстой. Гэтэл Хөгжлийн банк тэгж бол чадаагүй. Төлөгдөхгүй байсан зээлээ буцаан авснаар ашигтай ажилласан гэж гарсан. Иймд үүнийг өөрчлөх шаардлагатай.
Манай сайд нарын ярьсан хөрөөний ир шиг байгаа төрийн албан хаагчдын цалинг тэгшитгэж, тохируулга хийнэ. Хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг хэлж мэдэхгүй байна. Яагаад гэхээр харилцан адилгүй байгаа. Зарим нь 500-600 мянгаар нэмэгдэж байна. Зарим нь 20-30 мянгаар нэмэгдэж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцсэн. Баруун босоо төмөр зам болох Шивээхүрэн Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр зам байгуулах ажлыг Нарийн сухайтын төмөр зам компанид олгосон. Барилга эхлэх зөвшөөрөл болон барилгын суурь бүтэц угсрах тусгай зөвшөөрлийг олгох ажлыг хийсэн. Нарийн сухайтын бүлэг ордоос экспортод гарах нүүрсийг төмөр замаар хил дамжуулж гаргах ач холбогдолтой.
Энэ сарын тавдугаар сараас ажил эхэлж аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гол төмөр зам нь 7 км, салбар төмөр зам нь 20 гаруй км байна. Төсөвт өртөг нь 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлнэ. Зургаан жилийн дараа Монголын төмөр замд 100 хувь шилжүүлэн өгөх нөхцөлтэй.
Зүүн босоо төмөр зам буюу 1,250 км Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замыг барихаар "Equipment Supplies" компани шалгарсан. Тус компани концессын гэрээг зургаадугаар сард хийж, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.