Монгол Улсын Их хурлын тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг Соёл, урлагийн цогцобор болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байранд тус тус зохион байгууллаа.
Улс орон даяар өрнөж байгаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилтны 10 хувь буюу 700 орчим ажилтан оролцлоо.
Уг төслийн хэлэлцүүлгийн эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх:
“Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Инженер техникийн ажилтнуудын дунд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг явуулсан. УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж буй энэ цаг үед багийн иргэд, үйлдвэрийн ажилтнуудад хуулийн танилцуулгын талаар мэдээлэл өгч саналыг нь авч байна. Энд хүн бүхэн идэвхтэй оролцох ёстой.
Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран цахим хурал хийсэн. Энэ хурлаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаарх танилцуулгад оролцогчдын саналыг нэгтгэж холбогдох газарт нь хүргүүлэх үүрэг өгсөн” гэв.
Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэг мажоритар, пропорциональ тогтолцооны давуу ба сөрөг тал, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо болон энэ төслийн хууль, эрх зүйн үндэслэлийн талаар мэдээлэл хийв.
Тэрээр, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 2022 оны 54-р тогтоол, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны хоёрдугаар тогтоолын хүрээнд боловсруулж 2023 оны 5-р сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
1992 оноос хойш 8 удаагийн сонгууль явагдсан. Үүнээс 2012 онд ганц удаа холимог тогтолцоогоор сонгууль явсан. Монгол улсын хэмжээнд 36 нам, эвсэл бүртгэлтэй байдаг. Үүний 20 хүрэхгүй нь сонгуульд оролцдог.
Энэхүү хуулийн төслийг санаачлах болсны учир нь сонгогчдын сонгогдох асуудал бүрэн хэрэгждэггүй. Иргэдийн улс төрийн оролцоо буурсан. Гадаадад амьдарч буй иргэд, залуусын оролцоо бага, жендерийн тэгш байдал алдагдсан, хууль батлахад гишүүдийн тоо цөөхөн гэж хуулийн төсөл санаачлагч үзсэн байна” гэв.
Уулзалтын төгсгөлд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулгад оролцсон үйлдвэрийн ажилтнуудын төлөөлөл УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн холимог тогтолцоог дэмжих, эсэх талаар бичгээр саналаа өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.