СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-15

Бодлогын хүүг бууруулах орон зай...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Хас банк болон Худалдаа Хөгжлийн банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг СЗХ бүртгэлээ.
  2. Төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл IV сард 13.5 их наяд төгрөг давж, өмнөх сараас 3.2 хувиар өсжээ.
  3. “Бодлогын хүүг 0.5 эсвэл 1 нэгж хувиар бууруулах орон зай харагдаж байна” 

Ээлжит IPO

Санхүүгийн Зохицуулах Хороо Хас банк болон Худалдаа Хөгжлийн банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэснээр системийн нөлөө бүхий таван банкны нээлттэй хувьцаат компани болох явц тус хоёр банкаар эцэслэгдэхээр боллоо. УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэрэгжиж буй банк, санхүүгийн салбарын энэхүү бүтцийн өөрчлөлтийн үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ирэх 2 жилд хоёр дахин өсөх төлөвтэйг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцолж байв.

₮-ийн хадгаламж

Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.6 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Харин валютын хадгаламж болон харилцах дансны үлдэгдэл өмнөх сараас 10-20 хувиар буурсан бол төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 13.5 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурсан ч сарын дүнгээрээ 3.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөнгөний чанга бодлогын үр дүн гарч, төгрөгийн хадгаламжийн өгөөжийг нэмэгдсэнээр иргэд хадгаламжаа төгрөгөөр байршуулах сонголт хийж байгааг Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өгүүлж байсан юм.

Байр суурь

“Сүүлийн хэдэн жилүүдэд Монгол Улсад төсвийн давамгайлал явагдаж, мөнгөний бодлогын орон зайг олгохгүй байсан нь 2022 оноос тогтворжиж эхэлж байна. Эхний улирлын байдлаар төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа нэмэх үзүүлэлттэй гарлаа. Ерөнхийдөө бодлогын хүү бол шидэт саваа биш шүү дээ. Бодлогын хүүг нэмээд хасахаар бүх зүйл бүтчихгүй. Энэ бол эдийн засагт хүлээлтийн дохио өгдөг л зүйл. Тиймээс дээрх нөхцөлийг авч үзвэл бодлогын хүүг 0.5 эсвэл 1 нэгж хувиар бууруулах орон зай харагдаж байна” хэмээн Эдийн засагч С.Дэмбэрэл “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Elixir-ийн туршилт

“Elixir Energy” компани Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн 100 хувийн эзэмшил бүхий талбайдаа хэрэгжүүлж буй “Nomgon” туршилтын төслөө өргөжүүлэхээ мэдэгдлээ. Энэ хүрээнд нэгдүгээрт гарцаа, хоёрдугаарт нэмэлт цооногийн өрөмдлөгөө тус тус нэмэгдүүлэхээр болсон байна. Компани өнгөрсөн дөрөвдүгээр сард “Nomgon IX”-ийн туршилтын төслийн хүрээнд хоёр цооног өрөмдсөн бөгөөд тэдгээрийн усны гарц тогтмол 105 баррель орчимд байсан нь сайн үзүүлэлт болсныг мэдээлжээ.

Шинэ CEO

“NBCUniversal” компанийн Зар сурталчилгаа хариуцсан захирал Линда Яккарино “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авахаар болсныг Илон Маск баталжээ. Хөрөнгө оруулалт, медиа хүрээллийн томчууд дунд холбоо харилцаа сайтай тэрбээр 10 дугаар сараас хойш нийт ажилтнуудынхаа 75 хувийг, ялангуяа борлуулалт, хамтын ажиллагааны туршлагатай дийлэнх ажилтнуудаа үдээд байгаа тус компанийн нэр хүндийг сэргээж, маркетеруудыг эргүүлэн татахад дэм болно гэсэн найдлага төрүүлж байгаа юм. “Бүгдийг багтаасан X апп болгон энэ платформыг өөрчлөхийн төлөө Линдатай хамтран ажиллахыг тэсэж ядан хүлээж байна” хэмээн Илон Маск жиргэжээ.

Эгзэгтэй мөч

Азийн геополитикийн өнгө төрхийг тодорхойлоход ихээхэн нөлөө бүхий хоёр улсын гол сонгуулийн үр дүн өнөөдөр эцэслэн шийдэгдэж байна. Ням гарагт болсон санал хураалтаар Тайландын ардчилсан хүчний хоёр намын аль нэг ялалт байгуулах нь тодорхой болжээ. Либерал үзэлтэй “Move Forward” болон Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн хамаарал бүхий “Pheu Thai” намууд парламентын доод танхимын 500 суудлын 280-ыг нь авахаар болсон ч аль аль нь үнэмлэхүй олонх болоогүй тул ирэх өдрүүдэд шинэ ЗГ-ыг тэргүүлэхийн төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөхөөр байна.
Харин Туркийн сонгуульд нийт саналын 96.9 хувь нь тоологдож, Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан сонгогчдын 49.6 хувийн саналыг аваад байгаа бол гол өрсөлдөгч нь болох Кемал Килиждароглу 44.6 хувь, гурав дахь нэр дэвшигч Синан Оган 5.3 хувийн саналаар удаалж байна. Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 50 хувийн санал авч байж ялалт нь хүчинтэйд тооцогддог тул дахин санал хураалт явагдах магадлал тун өндөр байгаа аж.

Мега хэлцэл

Австралийн “Newcrest Mining” 19.2 тэрбум ам.доллароор тус компанийг худалдаж авах “Newmont”-ийн саналыг зөвшөөрснөөр уул уурхайн салбарын түүхэн дэх нэгэн аварга хэлцэл амжилттай боллоо. Ингэснээр “Newmont” Хойд ба Өмнөд Америк, Африк, Австрали, Папуа Шинэ Гвинейд төслүүдээ өргөжүүлж, дэлхийн алт олборлолтын хамгийн том компани болж байна. “Newcrest”-ийн хувь эзэмшигчид өөрсдийн нэгж хувьцаа бүрдээ “Newmont”-ийн 0.4 нэгж хувьцааг авч байгаа тул нэгдсэн компанийн 31 хувь нь тэдний эзэмшилд шилжихээр байгаа юм.

Нисдэг зочид буудал

Хоёр хүний ор. Тусдаа шүршүүр. Тэр байтугай хувьдаа тогооч хөлсөлж болно гэвэл ямар сонсогдож байна? Түрийвч зузаантай үйлчлүүлэгчдийн аялах сэдэл сэргэж эхэлсэн энэ үед авиа компаниуд нэгдүгээр зэрэглэлийн суудлуудаа шинэчилж, тансаг байдлыг шинэ өндөрлөгт гаргах болжээ. Буудлын өрөөнөөс ялгаагүй болгон өөрчилсөн суудлуудыг энэ зун санал болгож буй компаниудын тоонд “Qantas”, “Lufthansa”, “Cathay Pacific” нэмэгдэж, энэ чиглэлд хэзээний туршлагатай “Emirates”, “Singapore Airlines”-тай нэгдэж байгаа аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

Дэлхийд хүчээ авч буй БНСУ-ын соёлын экспортын сүүлийн жишээ "Webtoon"

“Hon Hai Precision Industry”-ийн ашиг 3 улирал дараалан буурав

Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаагаас “Microsoft” ажилтнуудынхаа цалинг нэмэхээ хойшлуулав

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.