СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.

-Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ гэдгээс яриагаа эхэлье. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Улаанбаатар хотод манай улсын эдийн засгийн талаас илүү орчим нь төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 60-70 хувь нь Улаанбаатарт байна гэсэн үг. Энэ утгаараа бизнес эрхлэгчдийг нийслэлээс дэмжих нь хотын ч, улсын эдийн засагт ч чухал нөлөөтэй. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлийг хэрхэн арилгах вэ, хүнд суртал, дарамтыг яаж үгүй болгох вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. Тухайлбал, . Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгана гэдэг ярвигтай ажил байлаа. Бүрдүүлэх бичиг баримт, албан тушаалтнуудын гарын үсэг цуглуулах үйл явц, үүнд зарцуулж байгаа цаг зав, зардал гээд бизнес эрхлэгчдэд дарамт учирч байсан. Нөгөө талаас үүнийг дагаад авлига, хүнд суртлын асуудал яригддаг. Тэгэхээр энэ үйл явц байхгүй болсон нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн.

-Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад илүү амар болсон байх нь?

-Тийм. Ерөөс стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийг дэмжих бас нэг чухал алхам нь цагийн хязгаарлалтыг хүчингүй болгосон. Бизнес эрхэлж байгаа хэн бүхний хувьд цаг хамгийн чухал. Бизнесийн үйл ажиллагаа бол зах зээлийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцээд хуваарийнхаа дагуу өрнөж байдаг. Үүнийг төрөөс зохицуулаад, тэр тусмаа хязгаарлалт тавиад ирэхээр нөгөө л хүнд суртал, авлигын асуудал гарч ирдэг. Албан тушаалтнууд очиж шалгана, хязгаарласан цаг хэтэрсэн бол мөн түвэг чирэгдэл үүснэ. Нөгөө талаас баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт нь утгагүй. Тиймээс Хотын дарга эдгээр хязгаарлалтыг хүчингүй болгосон.

-Энэ асуудлын нөгөө талд архидан согтуурахтай тэмцэхэд асуудал гарч ирнэ гэсэн байр суурь бас бий?

-Хязгаарлалт, хориг тавиад архидан согтуурахтай тэмцэх нь үр дүнтэй арга мөн үү гэдэг чухал асуулт. “Хуурай” хууль батлахад ахуйн архидалт, согтууруулах ундааны хууль бус наймаа буюу шагийн худалдаа гаардаг. Үүнээс болоод хүмүүс амиа алдсан тохиолдол ч гардаг шүү дээ. Архидалтын үндсэн шалтгаантай нь тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Тухайлбал, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэмжих, хатуулгийн хэмжээг бууруулах, соён гэгээрүүлэх аян явуулах байж болно. Нөгөө талаас, ажилгүйдэл, нийгмийн стресс, хүчирхийлэл гээд архидалтын суурь шалтгаан нь том. Тиймээс захиргааны аргаар тэмцэхийн оронд том зургаар харах хэрэгтэй. Ил тод, хяналттай, соёлтой үйлчилгээний газраар үйлчлүүлж байна гэдэг өөр.

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг дэмжихээр нийслэлийн зүгээс хийж буй бас нэг том ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх юм. 

-Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэж ойлгож болох уу?

-Тийм. Төр бүхнийг хийх шаардлагагүй. Хот, нийтийн аж ахуйд ч, бүтээн байгуулалтад ч, тохижилт, үйлчилгээнд ч хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд явах ажил хангалттай олон байна. Нөгөө талаас, хувийн хэвшлүүдэд ч стандарт, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах, ашигтай ажиллах, ажлын байр бий болгох боломж юм. Тухайлбал, 50 байршил дахь 2400 гаруй автомашины зогсоолын үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаад байна.

-Зогсоолын менежментийг хувьд шилжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлийн авто зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай. Өнгө үзэмж, зохион байгуулалт, менежментээс эхлээд төлбөр тооцоо хийх арга нь ч хүмүүсийн цаг завыг хэмнэсэн, ухаалаг байх ёстой. Орчин цагт нэг бүхээгт суучихаад бэлэн мөнгөөр тооцоо хийдэг, сул зай байгаа, эсэх нь тодорхойгүй зогсоол байж таарахгүй. Тэгэхээр энэ бүхнийг илүү ухаалаг, иргэдийн хэрэгцээнд нийцсэн болгох ажлыг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой. Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодын хяналтыг автоматжуулсан шүү дээ. Үүний үр дүнд хүмүүс цаг заваа хэмнэж байна, төлбөр тооцоогоо хялбар хийж байна, нөгөө талаас хураамжийн орлого ч нэмэгдсэн. Үүнтэй л адилхан юм.

-Энэ ташрамд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн талаар лавлаж асууя. Тэнд ямар, ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Иргэдэд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тохижилт, ногоон байгууламж бий болгох ажлуудыг төлөвлөсөн. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм. Тодруулбал, Рио Тинто Монгол компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд паркт тохижилт хийнэ. Гэхдээ барилга байгууламж гэхээс илүү мод бут тарих, зүлэгжүүлэх, амарч тухлах орчин бий болгохоор ажиллаж байгаа. Мөн тохижуулсан талбайгаа арчлаад, үргэлжлүүлэн сайжруулаад явах ажил бас бий. Энэ бүхнийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм.

-Авто зогсоолын тухай ярилаа. Тэгвэл явган хүний замыг сайжруулахад нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн онд бид 100 мянган ам метр явган замыг шинэчилж, засаж тохижуулсан. Энэ жилийн хувьд 50 мянган ам метр замыг мөн шинэчлэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын хувьд явган хүний замд онцгойлон анхаарч засаж байсан үе ховор. Үнэндээ томоохон авто замын засварын үед бонус маягаар явган замд хандсаар иржээ. Гэтэл иргэдийн хувьд явган зорчих зам талбай маш чухал. Үүнийг аль аль талдаа ойлгоод, стандартын дагуу, аюулгүй, тухтай замыг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төсөв мөнгө зарцуулж, явган зам хариуцсан хэлтэс хүртэл байгуулсан. Дээр нь явган замын стандартыг баталлаа. Тэгэхээр ямар хавтангаар хийх вэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрхэн зорчих вэ, хэдэн метрийн өргөнтэй байх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн гэсэн үг.  Энэ бол өнгө үзэмж, тав тух талаасаа ч, аюулгүй байдал талаасаа  ч маш чухал шийдвэр юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.