Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон гишүүн орнуудын Элчин сайд нар оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэлсэн юм.
Тэрбээр “Энэ удаагийн “Европын өдөрлөг”-т Монголыг хамааран Бээжин, Сөүл хотод хавсарч суудаг Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар зорьж ирсэн гэдгээрээ онцлогтой. Учир нь цар тахлаас үүдэн 2019 оноос хойш ийм олон Элчин сайд нэг дор цуглаагүй удсан юм. Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ойролцоогоор 150 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Тодруулбал, эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжих чиглэлээр эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил, ойн чиглэл гэх мэт олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Өдөрлөгт ирсэн иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Европын өдөрлөг” нь бусад орны өдөрлөгөөс онцлогтой байдаг. Учир нь Европын холбооны 27 гишүүн орны соёл уламжлалыг танилцуулан, урлагийн тоглолт толилуулж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олонд таниулах боломжтой юм. Тус өдөрлөгийг нэг өдөр зохион байгуулаад дуусдаг нь чамлалттай. Учир нь Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээр улсын соёл уламжлал, бизнесийн боломжуудыг таниулахад олон өдөр шаардлагатай гэж харж байна. Иймд ирэх жилээс энэхүү арга хэмжээг илүү өргөжүүлэх тал дээр анхаарна” гэдгээ илэрхийлсэн юм.
Европын холбооны өдөрлөгт нийт 70 орчим байгууллага төсөл хөтөлбөрөө танилцуулснаас гадна бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж байна. Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх боломжтой юм. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж. Өдөрлөг өнөөдөр /2023.05.14/ 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.