Гурван өгүүлбэрээр
BAI: MMC-ийн 2024 оны IV сард хугацаа нь дуусах бондын ханш огцом өсөх төлөвтэй.
Онцлох нийтлэл: “Азийн жамц давсны хэрэглээг хангах нөөцтэй ч импортод найдсаар буй Монгол улс” нийтлэлийг маргаашийн дугаараас уншаарай.
ӨМӨЗО дахь 32 нүүрсний уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.
Монгол Улсын бизнесийн орчны хязгаарлагдмал байдалд ажиллах хүчний боловсролын хангалтгүй байдал нөлөөлж байгааг Дэлхийн Банкны 2023 оны IV сарын тайланд онцолж байв. Монгол залуучуудын ихэнх нь академик боловсрол эзэмшихийг илүүд үзэх хандлагатай болж, мэргэжилд суурилсан боловсон хүчин дутагдаж байгаа тул энэ тал дээр арга хэмжээ авах шаардлагатай гэдэгт ХБНГУ-ын “FAV Service” болон “Хөгжил” төв хамтран зохион байгуулсан “Мэргэжилтэн хөгжүүлэх” чуулга уулзалтад оролцогчид санал нэгджээ.
“Mongolian Mining Corporation”-ийн 2024 оны IV сард хугацаа нь дуусах бондын ханш хоёрдугаар сарын 17-ноос хойших хамгийн огцом дүнгээр өсөхөөр байгааг “Bloomberg Automation Intelligence” мэдээллээ. MMC-ийн хувьд 350.2 сая ам.долларын хэмжээтэй бондоо буцаан худалдан авах, эсвэл шинэ бондод хөрвүүлэх санал хөрөнгө оруулагчдадаа тавьсан ч энэ саналаа цуцлаад байгаа билээ.
Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4 хүртэлх долоо хоногт 590.9 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн дүн болохыг УУХҮЯ мэдээллээ. Харин он гарсаар нийт 19.7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн хэмжээнээс дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудын аюулгүй байдлыг зохицуулагч байгууллага ӨМӨЗО дахь 32 нүүрсний уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Хоёрдугаар сард уурхайд гарсан ноцтой ослын улмаас 53 хүн амиа алдаж эсвэл сураггүй алга болсны дараа зохицуулагчид өргөн хүрээг хамарсан аюулгүй байдлын хяналт шалгалт явуулж эхэлсэн юм. Энэ хүрээнд дээрх ил уурхайнуудад осол гарах эрсдэл хэт өндөр байна гэж үзэн үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоохоор шийдвэрлэжээ. Үүнээс 30 уурхай нь жилдээ нийт 26.55 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай аж.
ҮСХ-ны мэдээлснээр Улаанбаатар хотод орон сууцны үнэ IV сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн нь инфляцын жилийн өсөлтөөс үл ялиг доогуур түвшинд хадгалагдсан үзүүлэлт боллоо. Харин сарын өсөлт 0.2 хувьтай гарч өмнөх сараас удааширсан ч хоёрдугаар сартай ижил түвшинд очжээ. Орон сууцны нэрлэсэн үнийн хувьд 1 м.кв нь дунджаар 3.53 сая төгрөг болж, өмнөх сараас 200,000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дөрөвдүгээр сард БНХАУ-ын экспорт өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар нэмэгдэж, 295 тэрбум ам.доллар болсон нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамгаас давсан бол импорт нь 7.9 хувиар буурч, 205 тэрбум ам.доллар болсон байна. Эрэлт өндөр хадгалагдаж байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд БНХАУ-ын экспорт өсөхөд нөлөөлсөн байна. Гэхдээ АНУ-ын эдийн засаг суларч, Европт өсөлтгүй байгаа энэ үед БНХАУ-ын экспорт удаан хугацаанд өндөр түвшинд байхгүй гэж Хонгконгийн “ING Group”-ийн шинжээч үзжээ.
Сингапурт орон сууцны түрээсний үнэ дэлхийн хамгийн эрчимтэй өсөлтийг үзүүлж, ялангуяа дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнийн өсөлтөөр Нью-Йоркийг ардаа орхилоо. Гуравдугаар сард амины ба нийтийн орон сууцны түрээс өмнөх оны мөн үеэс 32 болон 27 хувиар тус тус өссөн тул хадгаламж багатай залуу иргэд "гутлын хайрцагт амьдрахаас өөр сонголтгүй болж байна" хэмээн эгдүүцлээ илэрхийлэх болжээ. Иргэдийн бухимдлыг багасгах зорилгоор Сингапурын Засгийн газар орон сууц худалдан авч буй гадаадын иргэдийн тэмдэгтийн хураамжийг хоёр дахин нэмэх, үл хөдлөх хөрөнгийн шинэ төслүүдийг хурдасгах, барилга барих талбай нэмж чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаа амлаад байгаа аж.
Хироюки Накагава нь Японы хамгийн хойд арал дээрх цас мөсөөр бүрхэгдсэн Токачи мужид 2011 оноос хойш манго жимс тариалж байна. Тэрбээр ургуулсан манго жимснийхээ ширхэг бүрийг нь 230 ам.доллар хүртэлх үнээр зардаг. Тогтвортой фермерийн аж ахуйн нэгэн туршилт нь нэг л өдөр дэлхийн хамгийн үнэтэй мангог ургуулж өгнө гэж Накагава өмнө нь төсөөлж ч байсангүй. Төрсөн нутаг Хоккайдогийнх нь нэрийн хуудас болсон цас, онсэн халуун рашаан гэсэн байгалийн хоёр нөөцийг ашиглах нь Накагавагийн тариалалтын нууц аж. Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Европын Холбоо ОХУ-д дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын компаниудад хориг тавих санал гаргав
Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаагаа тэлэхийг зорьж буй “BYD” Вьетнамд үйлдвэрээ нээнэ
Дефолт зарласан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид шүүхэд дуудагдаж эхлэв
Цахим ертөнцөд "Microsoft"-ийн ноёрхлыг сөрөх ижилхэн зорилготой гарч ирж байсан "Mozilla"-ийн "Firefox", "Google"-ийн "Chrome" интернет хөтчүүдийн өсөлтийн замнал нь тийм ч ижилхэн байсангүй. Өдгөө хэрэглэгчдийн тоогоор нь тооцвол "Chrome" хөтөч дэлхийн зах зээлийн 2/3 орчмыг эзэлж байгаа бол "Firefox"-ийнх 3 хувьд ч хүрэхгүй байна. Сонирхолтой нь "Mozilla" компанийн 1 тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэх мөнгөн хөрөнгийн гол эх үүсвэр нь "Google" байдаг. Технологийн аварга компанийн хувьд "Firefox"-ийн нүүр хуудсанд өөрийн хайлтын системээ гаргахын тулд 2005 оноос хойш 450 сая ам.доллар төлөөд байгаа бөгөөд зөвхөн 2021 онд энэхүү төлөлт нь "Mozilla"-ийн нийт орлогын 83 хувийг бүрдүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.