“Хатан хишиг үндэс ХХК”-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн. Дээрх асуудлыг хуулийн хүрээнд шалгахгүй, захирал н.Болор-Эрдэнэ ажилчны хохирол барагдуулахгүй олон сарын нүүрийг үзжээ. Уг асуудлаар хохирогчийн гэр бүл АТГ-ын гадна мэдээлэл хийлээ.
Хохирогчийн эгч н.Оюунбадам:
-Манай дүү 2022.11.22 ны өдөр энэ осолд орсон. Хан-Уул дүүргийн ...-р хороон дээр "Хатан хишиг үндэс" компанийн барьж буй 16 давхар барилгын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж тархиндаа хүнд гэмтэл авч "найдваргүй" онош сонссон. Тухайн үед хажууд нь байсан хүмүүсээс асуусан. Осол гарсан газрын хажууд төмөр хөндөлсүүлээд тавьчихсан, хажуугаар нь хүн гарах бага зэрэг зайтай байсан гэсэн. Тэр зайгаар бөхийж гарах гэж байгаад унасан байх гэсэн. Тухайн хүмүүс тэр үед доош шил авах гээд явсан байсан гэсэн.
Гэхдээ ГССҮТ-д хагалгаанд орж хурсан цусыг амжилттай авсан. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй. Элэг уушигны бяцралттай байсан ч удаан хугацааны явцад нөхөгддөг гэсэн. БНСУ-ын 4-5 эмнэлэгт хандсан ч хариу ирээгүй байна. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Тархины чиглэлийн хагалгаа хамгийн өндөр өртгөөр хийгддэг гэсэн.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан" гэх дүгнэлт гарсан ч барилгын компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна. "Содон хийц" ХХК тухайн "Хатан хишиг үндэс" компанитай харилцан гэрээ байгуулсан ч хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэг ч заалт байхгүй, даатгал ч байхгүй байна. "Бид энэ заалтыг гэрээнд оруулахаа мартсан байна" гэсэн. Бүхэл бүтэн хүний амь нас яригдаж байхад ийм л зүйл ярьдаг.
"Хатан хишиг үндэс" компанийн зүгээс ярьдаггүй. Тийм зүйл ярьвал өөрөө хэрэгт орчих гээд байгаа. "Янз бүрийн зүйл ярьвал өгдөг газар нь өгнө" л гэх юм. Миний дүү "Содон хийц" компанид 5 жил ажилласан ч НДШ төлөөгүй байсан. ЭМД-аас өгдөг өндөр өртөгтэй хагалгааны заалтаар 5,6 сая орчим төгрөгийн хагалгаа хийлгэсэн. Миний дүү өмнө нь ямар эрүүл саруул байсан яг тэр хэвээр нь болгож өгөөсэй гэж хүсэж байна.
Хэрэг гараад зөндөө удахад ахиц алга. Прокурор дээр хянагдаж байна л гэх юм. Компанийг 5-6 сар харлаа. Анх "Санаа зоволтгүй, бид харж үзнэ" гээд алгаа хавсарч гуйж байсан бол өнөөдөр "Тийм зүйл яриагүй, мэдэхгүй" гэж байна.
Миний дүү эхнэр, охин, ээжийнхээ хамт амьдардаг. Судлаад үзэхэд "Хатан хишиг үндэс" ХХК нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамааралтай компани гэж би сонссон. Тийм болохоор өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй байгаа байх гэх хардлага төрж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.