Гурван өгүүлбэрээр:
Инфляц саарав
Дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн улсын индекс жилийн дүнгээр 11.3 хувьтай гарсныг ҮСХ мэдээллээ. Инфляц өмнөх оны мөн үед жилийн 15.8 хувьтай гарч байсантай харьцуулахад өсөлтийн хурдац 4.5 нэгж хувиар буурсан байна. Дотоодод төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.28 хувиар чангарсан дөрөвдүгээр сард жилийн инфляцын 42.5 хувь буюу 4.8 пунктыг импортын барааны үнэ бүрдүүлжээ. Жилийн инфляцын хурд саарсан ч сарын 1.3 хувьтай гарсан нь сүүлийн таван сарын хугацааны хамгийн өндөр дүн болов.
Мөнгөний чанга бодлогын үр дүн гарч, төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэн, инфляц алгуур буурах хандлага руу орсон байгааг Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир онцолж байв.
Топ татвар төлөгчид
Хамгийн их татвар төлсөн ААН-үүдийн жагсаалтыг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК зэрэг уул уурхайн олборлолт, боловсруулалтын компаниуд дахин өнгөллөө.
Татварын ерөнхий газар энэ оноос эхлэн эрсдэлийн үнэлгээ, бизнес скоринг хийж эхэлсэн бөгөөд “А”, “B”, “C”, “D” гэсэн дөрвөн үнэлгээ тогтоон, хамгийн сайн буюу "А" үнэлгээтэй компаниудад татварын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахаар зохицуулжээ. 2022 оны байдлаар "А" үнэлгээтэй компаниудад “Мобиком корпораци”, “Юнител групп”, “Трансвест Монголиа” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг компаниуд багтсан байна.
Байр суурь
“Саяхан БНХАУ-д нүүрсний томоохон хурал болж өндөрлөсөн. Шинжээчид юу ярьсан бэ гэхээр коксжих нүүрсний үнэ ерөнхийдөө буурч эхлэхээр байна. Энэ нь коксны үйлдвэрлэлийн зардал буурч байгаатай холбоотой. Нөгөө талаас ОХУ, Австралийн нийлүүлдэг коксжих нүүрстэй харьцуулбал Монголын нүүрс өртөг зардлын хувьд өрсөлдөх чадвар сайтай гэж дүгнэсэн байна. Үүнээс харвал Монгол Улс экспортоо боломжит түвшинд хийгээд явах нь байна. Иймд үнээрээ өрсөлдөж чадаж байгаа учраас одоо тулгараад байгаа ганц асуудал болох тээвэр логистикийн асуудлаа хурдан шийдэх ёстой” хэмээн “Big Mogul Coal & Energy” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
SGR ашигтай ажиллав
Хонгконгийн болон Торонтогийн “Venture” биржид давхар бүртгэлтэй “Southgobi Resources” компанийн цэвэр ашиг оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 5-9 сая ам.доллар гэсэн тооцоолол гарсан байна. Тайлант хугацаанд нүүрсний үнэ өндөр байж, компанийн борлуулалт өссөн нь ашигтай ажиллахад голлон нөлөөлснийг SGR онцолж байв. Энэ сарын 19-нд үндсэн тайлангаа танилцуулахаар байгаа тус компани өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 10.8 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
Банкнууд ба ногдол ашиг
СЗХ-ны мэдээлснээр 2023 онд нэр бүхий 33 хувьцаат компани нийт 303 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 101 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэр дундаа Тавантолгой ХК-ийн 2023 онд хуваарилах ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн оноос 10.7 дахин өсөж 144.5 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ онд олгогдох хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байна. Мөн энэ онд олгох нийт ногдол ашгийн 91.1 тэрбум төгрөг буюу 30 хувийг гурван банк дангаараа бүрдүүлж байгаагаараа онцлог аж.
Яггүй хямрал айсуй
Цэвэр эрчим хүчинд шилжих шилжилт зэсээс шалтгаалах хэдий ч зэсийн зах зээлийн түгшүүрт ирээдүйн эхний дүр зураг Монголын уул уурхайн аварга төслөөс харагдаж байна. 2040 он хүртэл илүү ногоон дэлхийг бүтээхэд зэсийн нийлүүлэлт зургаан сая тонн орчмоор дутна гэж “Wood Mackenzie”-ийн шинжээчид тооцоолсон нь энэ хугацаанд дахиад Оюутолгой шиг 12 орд үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэхдээ тийм зүйл болохгүй нь…
Нэн тэргүүний зорилт
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хүн амын тоо болон төрөлтийн түвшнийг шаардлагатай хэмжээнд хадгалахын тулд бодлогын арга хэмжээг эрчимжүүлэхийг төрийн дээд албан тушаалтнуудад үүрэг болголоо. БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн хэрэг эрхэлсэн төв комиссын анхны хуралдаанаар Ши Жиньпин хүн амын төрөлтийн түвшин саарахын зэрэгцээ өндөр настай иргэдийн тоо өссөнийг онцолсон байна. 2022 онд БНХАУ-ын хүн амын тоо сүүлийн 60 жилд анх удаа буурсан үзүүлэлттэй гараад байгаа юм.
Google-ийн алдаа
Бие даасан судлаачид хиймэл оюуны хөгжүүлэлт дээр ихээхэн ахиц дэвшил гаргаж байхад “Google” энэхүү уралдаанд сүүл мушгиж байна хэмээн тус компанийн ахлах инженер Люк Сернау шүүмжилжээ. Дөрөвдүгээр сарын эхээр компанийнхаа дотоод системийн талаар нийтлэл бичсэн нь олон мянган хүнд хүрч байсан тэрбээр “OpenAI”-ийн “ChatGPT”-тэй өрсөлдөх явцдаа “Google” нээлттэй эхийн технологийн хөгжүүлэлтээ орхигдуулсан нь алдаа болсон хэмээн дүгнэсэн байна. Мөн бие даасан инженерүүд илүү хурдтай, хямд өртөгтэй хиймэл оюуныг хөгжүүлж байгаа нь томоохон компаниудад сорилт болох бөгөөд энэ байдлаараа хиймэл оюуны өрсөлдөөнд “Google” ч, “OpenAI” ч ялахааргүй байгааг тэрбээр онцолжээ.
AI-д бууж өгөхгүй
"ChatGPT" зэрэг хиймэл оюунт программууд ажлын байрыг нь булаана гэдгээс салбар салбарын мэргэжилтнүүд эмээж байхад 22 настай нэгэн залуу үүнтэй тэмцэхээр шийджээ. Принстоны Их сургуульд компьютерийн шинжлэх ухаан, сэтгүүл зүйгээр сурдаг энтрепренер Эдвард Тиан хүний бичсэн текстийг машины бичсэнээс ялгахад хялбар болгодог GPTZero хэмээх аппликэйшн хөгжүүлсэн байна. Нарийвчлалын хувьд тус апп хүний бичсэнийг 99 хувь, хиймэл оюуны бичсэнийг 85 хувийн магадлалтайгаар зөв тодорхойлдог аж. Үүнээс гадна Эдвард Тиан "сэтгүүл зүйг аврах" зорилго бүхий "Origin" хэмээх дээрхтэй ижил зарчмаар ажилладаг өөр нэгэн программ танилцуулахаа мэдээлжээ. Түүний төсөл одоогоор "Uncork Capital", "Neo Capital" тэргүүтэй компаниудаас 3.5 сая ам.долларын санхүүжилт аваад байгаа аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Жо Байдены рейтинг доод түвшинд хүрч унав
Таваарын зах зээлийн онцлох чартууд
“Microsoft”, “AMD” компаниуд хамтран хиймэл оюуны процессор үйлдвэрлэнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.