СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй төслүүдэд БНХАУ-ын Чунчин хот хамтран ажиллахад бэлэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв юм.

Тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрөгч 2-р сард Чунчин хотноо айлчилж, хоёр хотын дарга нар Чунчин - Улаанбаатарын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихээр хамтран ажиллахаар тохиролцсон.

Тэгвэл энэхүү айлчлалаар яригдсан асуудлууд, ажил хэрэгч уулзалтууд биелэлээ олж өнөөдөр БНХАУ-ын Чунчин хотын худалдаа бизнесийн төлөөлөл нийслэлд хүрэлцэн ирж Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтарсан уулзалт хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч, Чунчин Санлэй Индастриал группын ТУЗ-ын дарга Хун Жунжинь, Сань Ян Ма Логистикс ХК-ийн ТУЗ-ын дарга Чю Хунь-Ян, КОФКО группийн дэд захирал Лин Жинвэнь, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Шэнь Линь нар багтжээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Чунчин хотын бизнесийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл тавигдсанд таатай байгаагаа илэрхийлээд, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд Чунчин хотын туршлага, технологийн шийдлүүдийг Улаанбаатарт нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

БНХАУ-ын Чунчин хотын бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах талаар санал солилцов

Мөн тэрээр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас хэрэгжүүлж буй такси үйлчилгээ, авто зогсоолын менежмент, логистикийн нэгдсэн төв байгуулах төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжууд нээлттэй байгааг онцолсон.

Мөн хотын нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, нийтийн тээвэр болон бусад холбогдох салбарт тусгай үүргийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг дурьдав.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, БНХАУ-ын Чунчин хотын Чунчин Чян-И Трэйдинг компаний Ерөнхий захирал Ли Вэньжүнь нар Улаанбаатар хотод нийтийн аж ахуйд хэрэгцээт төхөөрөмж, машин техник лизингээр нийлүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад хятадын талаас шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдан авахтай холбоотой зөвлөгөө авахаар талууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ташрамд өгүүлэхэд Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, дижитал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжиж яваа, ДНБ, төсвийн орлогын хэмжээгээрээ Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж буй мега хот юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.