СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-09

ОХУ-ын иргэнд оноосон 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

ОХУ-ын Буриад улсын иргэн, хуульч мэргэжилтэй, улсдаа өмгөөлөгчөөр ажиллаж байсан Дмитрий Владимирович Тушемиловт холбогдох хэргийг түүний гаргасан гомдлын дагуу өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.

Тэрбээр Орос, Украины дайны улмаас эх оронд нь зохион байгуулсан цэрэг татлагаас зугтаж төрсөн дүү болон найзтай нь хамт 2022 оны есдүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор орж ирсэн байдаг. Энэ үедээ манай улсын иргэнтэй танилцаж, Улаанбаатарт ирээд байрыг нь түрээслэхээр тохиролцсон аж. Улмаар байр түрээслэгчийн найзын гэрт орж танилцаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бөгөөд дүү нар нь валют солиулах, Сүхбаатарын талбай үзэхээр явсны дараа Б.Г-ын гэрт дахин ороод ямар нэг шалтгаангүйгээр алхаар толгой руу нь 16-18 удаа цохиж хүнд гэмтэл учруулсан юм. Хохирогч Б.Г-ыг ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж эхэлсэн ч нас барсан билээ.

Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсгийн “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.В.Тушемиловын гэм буруутай, эсэхийг энэ оны хоёрдугаар сарын 17-нд хэлэлцээд нээлттэй хорих ангид 14 жил ял эдлүүлэхээр болсон юм. Эл шүүх хурлаас өмнө Д.В.Тушемилов хохирогчийн ар гэрийнхэнд 40 гаруй сая төгрөг олгосон аж.

ОХУ-ын иргэн Д.В.Тушемилов болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7- 1.5 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэл болгон давж заалдах гомдол гаргасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.