Шүүх эрх мэдэл, Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, мөрдөн байцаах алба болон ШШГЕГ-т хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг танилцуулжээ.
ХЭҮК-оос шүүх эрх мэдэл, прокурор, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Монголын Хуульчдын холбоо, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллагын төлөөллийг хамруулсан ээлжит хэлэлцүүлгийг энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр зохион байгуулжээ.
Дээрх хэлэлцүүлэг нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 6 дугаар бүлэг болох "Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт" бүлгийг талуудад танилцуулж, харилцан санал солилцох зорилготой юм.
Хууль сахиулах, мөрдөх, шүүн таслах албаны нийт 50 гаруй оролцогч оролцсон уг хэлэлцүүлгийг нээж ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэнэ” гэж өргөн агуулгаар тодорхойлсон гэдгийг онцлоод “хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах”, “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа”-г хуульд хэрхэн тодорхойлсныг оролцогчдод тайлбарлав.
Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл 6 дугаар бүлгийн хүрээнд нийт 2063 оролцогчийг судалгаанд хамруулсан бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтны 83,9 хувь, хуульч, өмгөөлөгчдийн 87,17 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 95.4 хувь, цагдаагийн алба хаагчдын 95.2 хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 88,51 хувь нь өөрсдийгөө хүний эрх хамгаалагч гэж хариулсан гэдгийг онцлов.
Улмаар
-цагдаагийн алба хаагчдын 33.95 хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 44.05 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 43.82 хувь, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны 41.55 хувь нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаныг “мэдээгүй, мэдэхгүй”,
-34,65 хувь нь хүний эрх хамгаалагчийн хувьд ялгаварлан гадуурхалтад өртдөг
-16,47 хувь нь эрх мэдэл, албан тушаалаар дарамтлах, 13,76 хувь нь Үндэслэлгүйгээр эрх зүйн хариуцлага тооцох, тооцохоор сүрдүүлэх тохиолдол гардаг,
-61,92 хувь нь эрх зүйн орчин аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл гэж үзсэн.
-11,48 хувь нь төсөв, санхүүгийн хүрэлцээгүй байдал, 7,27 хувь нь ажиллах орчин нөхцөл бүрэн хангагдаагүй нь аюулгүй байдалд эрсдэл үүсгэдэг.
-Хуульч, өмгөөлөгчдийн 25 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 14,15 хувь нь иргэд, олон нийтийн шүүмжлэл, буруу ташаа ойлголт нь эрсдэл үүсгэдэг гэсэн гэдгийг танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.