Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнд гарчээ.
Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн 6 дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат “D” ангиллын 100 кг-ын жинд хүч үзэж байна. А.Сүхбат аварга 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээн дээрээ гарч байгаа тохиолдол болов.
Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргад 97 кг-ын жингийн финалд зодоглож байсан юм.
“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын УАШТ тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болж байна. Тэмцээн “А” 35-40 нас, “В” 41-45 нас, “C” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн таван насны ангилалд 55-62, 70, 78, 88, 100, 100-130 гэсэн тус бүр 6 жингийн ангилалд зохион байгуулагдана.
Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.