УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд ажлын хэсгээс асуулт асууж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Тийм учраас хөтөлбөрийн шинэчлэл хийхээр хуулийн төсөлд тусгасан. Дараагийн асуудал нь багш бэлтгэх тухай юм. Багш бэлтгэх 40 орчим сургууль байсан бол өнөөдөр 20 болж цөөрсөн.
Цаашид заавал магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Багшийг ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Багш өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг ажлын байран дээрээ үргэлж авдаг болно. Мөн хөдөлмөрийг бодитой үнэлдэг болно.
Түүнчлэн үнэлгээний шинэчлэлийн асуудал байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл үнэлгээний тогтолцоогоо бий болгож чадаагүй. Хүүхдэд дүн тавьж байгаа байдал бол боловсролын салбарын шударга бус, хуурамч тогтолцоо. Хүүхэд бүрийн суралцах чадвар, хурдад тулгуурласан ахиц, дэвшлийн үнэлгээний тогтолцоонд шилжүүлье гэж байгаа. Хүүхдийн, багшийн, сургуулийн гэсэн үнэлгээний тогтолцоонд шилжүүлнэ.
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг улс төрөөс хэт хараат байдлаар томилдог. Энэ асуудлыг мэргэжлийн чадвар дээр нь үндэслэсэн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон оруулж байгааг дэмжиж байна. Гэтэл нэгдүгээр ангиасаа сурах талаар олон нийтийн сүлжээнд маш их ярьж, бичиж байна. Үүнд тодорхой хариулт өгнө үү. Англи хэлийг нэг, эсвэл гуравдугаар ангиас нь заах уу? Манай сургууль, цэцэрлэг 19 дугаар зууны модон сандал, ариун цэврийн өрөөтэй, 20 дугаар зууны сурах бичигтэй өрөвдөлтэй нөхцөл байдалд байна. Энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжиж эхлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Тус хуульд англи хэлтэй холбоотой заалт орж байгаа. Энэ бол Боловсролын ерөнхий хууль учир Монгол Улсын бүх боловсролын тогтолцоонд жигд үйлчилнэ гэсэн үг. Англи хэлний тухайд эхлээд үзэх үндсэн гадаад хэл нь англи байна гэж заасан. Харин хуульд яг хэддүгээр ангиас заах тухай тусгах боломжгүй. Үүнийг хөтөлбөрийн дагуу зохицуулна. Боловсролын яам англи хэлийг гуравдугаар ангиас оруулна гэж байгаа. Мэдээж гадаад хэлийг заах, олон улс, дэлхийтэй холбогдох нь зүй ёсны хэрэг ч нөгөө талдаа монгол хүн, Монголын боловсролын тогтолцооны асуудлыг ярих хэрэгтэй.
Мөн алслагдсан аймаг, сумдад багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажиллах хүчний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана. Одоогийн байдлаар 27 мянган хүн 15-аас дээш жил ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах нь зөв