"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүтэй удирдлагууд Эрдэнэтийн-Овоо ордын зүүн өмнөд хэсэг буюу Оюутын ордод нарийвчилсан хайгуулыг өчигдөр албан ёсоор эхлүүллээ.
1985-1990 онд Оюутын ордод урьдчилсан хайгуул хийгдсэнээс хойш 33 жилийн дараа Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэтийн стратегийн ордод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон юм. Мөн 2022 оны 11-р сард АМГТГ-аас Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авснаас хойш геологи хайгуулын ажлын бэлтгэл төлөвлөлт хийгджээ.
Оюутын ордын нарийвчилсан хайгуул, ашиглалтад бэлтгэх хугацааг 2025 он хүртэл үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эхний жил 15000 тууш метр, хоёр, гурав дахь жил тус бүр 20 000 тууш метр, нийт 55000 тууш метр газрын гүнд хайгуул хийхээр төлөвлөж байна.
Мөн налуу далд малталт хийгээд, түүнээсээ газрын гадаргуугаас 80 орчим метрийн гүнд, далайн түвшнээс дээш 1280 метрийн түвшинд 100 гаруй метрийн урт малталт явуулж, сульфитын хүдрийн технологийн баяжигдах шинж чанарын судалгаа хийнэ гэж Ерөнхий геологич Д.Алтанхуяг мэдээллээ.
Өмнө нь Оюутын ордын 41.8 сая тонн хүдрийн нөөцийг 0,25-ын захын агуулгаар тооцож гаргасан байдаг бол нарийвчилсан хайгуулын үр дүнд энэхүү нөөцийг хамгийн багадаа 2-3 дахин нэмэгдүүлж, 200 саяд хүргэнэ гэж геологичид тооцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.