“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндсэн хуулийг мэддэг, хэрэглэдэг эсэх судалгааг төрийн байгууллагын албан хаагчид, шат шатны төлөөлөгч, намын гишүүд, иргэдээс авчээ. Судалгаанд хамрагдсан эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь Үндсэн хуулиа мэддэггүй, 100 хувь нь хэрэглэдэггүй гэсэн хариуг өгсөн байна.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:
-“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас 18 дахь жилдээ хуулийн дагуу амьдрахыг уриалж байгаа. Монгол Улсын иргэн нь эх оронч, нийгмийн тулгамдсан асуудлуудаар төр засагт тодорхой мэдээлэл хүргэж байх үүднээс өнөөдөр ҮАБЗ-д мэдээлэл хүргүүлж байна. Хуулиа мэддэггүй хүмүүс хоорондоо үл ойлголцол үүсгэж байна гэж харж байна. Бид өнөөдөр ямар ч эв нэгдэлгүй ард түмэн болоод хувирчихаад байна.
2018 оноос манай байгууллага Үндсэн хуулийн дугуйлан гэдэг төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Бид улсын хэмжээнд Үндсэн хуулийн мэдлэг хэр байгааг судалж үзсэн. Төрийн байгууллагын албан хаагч, шат шатны төлөөлөгч, намын гишүүд болон иргэд тус судалгаанд хамрагдсан. Ингээд үзэхэд Үндсэн хуулийг 80 гаруй хувь нь мэддэггүй, 100 хувь нь хэрэглэдэггүй гэсэн хариуг өгсөн.
Төрийн албаны эрхэмлэх есөн зүйл гэж байгаа. Үүнд Үндсэн хууль болон бусад хуулиа эрхэмлэн дээдэлнэ гэж заасан байдаг. Гэтэл төрийн албан хаагчид Үндсэн хуулиа хэрэглэхгүй, мэддэггүй байна гэдэг нь төрөөс хууль ёс шаардах боломжгүй байгаа нь харагдаж байна. Мөн иргэн Үндсэн хуулиа дээдлэх үүрэгтэй гэж заасан ч энэ үүргээ мэдэхгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд амьдрах иргэдээ бэлдээгүй. Соён гэгээрүүлэх ажлаа хийгдээгүй байна. Үүнийгээ засах шаардлагатай гэж үзэж байна. Цаашдаа талцаж хуваагдахгүй ёс зүйтэй, эх орныхоо эрх ашгийг боддог, эв нэгдэлтэй ард түмэн болох вэ гэдгээ бодох цаг ирчихээд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.