Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн мөнгөн медальт “Тэнүүн-Өлзий Металл” багийн нэрэмжит “Үндэсний шидэгчид” хүүхдийн багийн анхдугаар тэмцээн 5-р сарын 11,12-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Агар” спорт төвийн зааланд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг санаачлагч, спортын сэтгүүлч Н. Тамираас тэмцээний талаар тодрууллаа.
-“Үндэсний шидэгчид” гэсэн содон нэртэй тэмцээнийхээ талаар мэдээлэл өгөөч.
-Урьд өмнө зохиогдож байгаагүй бөгөөд шинэлэг, өвөрмөц, сонирхолтой, тогтсон дүрмийн хүрээнд өрсөлдөж, ялагчид тодрохоороо онцлог тэмцээн юм. Хүүхдийн тэмцээнээр анхны шангаа татаж, цаашдаа хороо, дүүрэг, хот, сум, аймаг, албан байгууллагуудын хооронд бүх насны ангиллаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэмцээнд багууд торгуулийн буюу чөлөөт шидэлтээр өрсөлдөнө. Багийн бүрэлдэхүүн 6 шидэгч-тамирчин, 1 дасгалжуулагчтай байна. Оноолт таарсан өрсөлдөгч хоёр багийн 5 тоглогч тус бүр нийт 25 шидэлтийг гүйцэтгэнэ. Тэмцээний дүрмийг техникийн зөвлөгөөн дээрээ илүү дэлгэрэнгүй, нарийн тайлбарлаж өгнө. Энэ удаагийн хүүхдийн тэмцээнээ 10-11, 12-13, 14-15, 16-18 гэсэн 4 насны, охид, хөвгүүдийн ангиллаар зохиож, ангилал тус бүрдээ эхний 4 байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Тэмцээний талаарх бүхий л мэдээлэл, бүртгэл, дүрмийн талаар “Үндэсний шидэгчид” албан ёсны пэйж хуудаснаас авах боломжтой.
-Тэмцээнд хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой юу?
-Тийм ээ. Бид сагсан бөмбөг сонирхдог, тоглох хүсэлтэй, хичээллэдэг, тамирчин гээд бүх хүүхдүүдийг сургууль, анги хамт олон, найз нөхөд, клубээрээ нийлж, нэгдээд тэмцээнд оролцохыг урьж байгаа. Хүүхэд бүр сагсан бөмбөгийн аливаа тэмцээнд гарааны бүрэлдэхүүнд оролцох боломжгүй байдаг бол шидэлтийн тэмцээнд ямар нэгэн шалгуургүйгээр, сонирхол хүслээрээ нийлж, багаа бүрдүүлэн оролцох нь нээлттэй төдийгүй зөвхөн шидэлтийн ур чадвараараа өрсөлдөх болохоор хүүхдүүдэд илүү их боломжийг олгож байгаагаараа бусад тэмцээнээс ялгарна.
-Тэмцээний ач холбогдол, алсын хараа нь?
-Чөлөөт шидэлт нь тэмцээний хожил, хожигдолд хамгийн чухал нөлөөтэй. Шидэлтийн зөв техникийг эзэмшиж сурах, сурахын тулд тууштай хичээллэж бэлтгэх, ур чадвараа нээх, хөгжүүлэх, шидэлтийн үеийн багийн болоод хувь тоглогчийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, тэмцээний хожил ялалтад багийн гишүүн нэг бүр хувь нэмрээ оруулдаг болох зорилго нэн тэргүүнд. Хариуцлагатай, хичээл зүтгэлтэй, дуртай спортдоо чин сэтгэлээсээ хандах хандлага нь шидэгч хүүхдүүдийг улам илүү ихээр сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэх хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлнэ гэж бодож байна. Ирээдүйн шилдгүүд эндээс тодорно. Аль болох олон хүүхдүүдэд спортоор хичээллэх урам зориг өгч, сэдэл төрүүлж чадвал эрүүл мэндээ дээдэлдэг ирээдүйг бүтээхэд бидний оруулах хувь нэмэр, үнэ цэнэ оршино. Мэдээж сагсан бөмбөгийн спорт, нийтийн биеийн тамир спортыг хүүхэд залууст сурталчлан таниулах томоохон ач холбогдолтой, үр өгөөжтэй тэмцээн болох болно.
-Тэмцээний шагнал урамшууллын тухайд?
-Аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахад спортод элэгтэй хувь хүн, бизнесийн байгууллагууд дэмжих нь тэмцээний чансааг өргөдөг. “Үндэсний шидэгчид” анхдугаар тэмцээнийг ивээн тэтгэж байгаа “Тэнүүн-Өлзий Металл” баг, багийн эзэн Д.Буян-Өлзий, Т.Нямхүү болон барилга угсралтын “Жэсо” компанийн захирал Д.Жадамбаа, Г.Энхболд нартаа талархлаа илэрхийлье. Спортод, хүүхдийн спортод оруулж байгаа харамгүй дэмжлэг, туслалцаа нь “Үндэсний шидэгч” тэмцээнд оролцогч хүүхэд бүрт зориулж буй “хайр” юм. Мөн тэмцээний ерөнхий зохион байгуулагч хүүхдийн спортыг дэмжигч “Зогсолтгүй өөдөө” ТББ-даа баярлалаа.
-Танд баярлалаа. Удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсье. Эхлүүлсэн үйлс тань улам дэвжиж, үндэсний хэмжээний тэмцээн болгох эрхэм зорилгодоо хүрэхийг ерөөе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.