Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад оржээ.
Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16,671 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй. “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна” гэсэн юм.
Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Түүнчлэн хог хаягдлын ухаалаг менежмент бий болгох хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хоногт 300 тонн хог хаягдал ангилан ялгах үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулахын барилга, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Мөн иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холбосон байна. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна. Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, Иргэдийн хурлын төлөөлөгчид, хувийн хэвшил бүгд хамтран ажиллаж буй нь үр дүнгээ өгч байгааг эдгээр мэдээллээс харж болно. Хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, асуудлаа хамтдаа шийдэхэд бүгдийн оролцоо чухал байх болно” хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.