СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-01

МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн бол хоёрт, зарим оронд суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн.

Өнгөрсөн наймдугаар сард УИХ 34, 54 дүгээр тогтоол гаргаж, УИХ-ын 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулж, Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулж ир гэж Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газраас удаан хугацаанд судалгаа хийж, ҮХНӨ оруулах төслийг боловсруулж, иргэн, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас тодорхой санал оруулж, хэвлэлд танилцуулга өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газраас УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудад намын бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж ирүүлээч гэдэг саналыг ирүүлсэн. Бид Төслийг дэмжиж байгаа учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Ерөнхийлөгчөөс УИХ-д зөвшилцөх санал ирүүлсэн. Дөрвөн улсад суух Элчин сайдыг томилохыг зөвшилцөх санал ирсэн. Үүнд, Канад улсад Э.Сарантогос, Япон улсад Б.Баярсайханыг, БНСУ-д Б.Энхбатыг, Куба улсыг С.Золжаргалыг томилох санал байгаа. Эдгээр саналыг сая хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжиж байна гэж шийдвэр гаргасан.

Хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал бол манай намаас дэвшүүлж буй нэг том зорилтын нэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй хүний эрхийн чиглэлээрх хүний үндсэн эрхээ хангах төслүүдийг бүлгээс бүрэн дэмжинэ. Нийт Журмын тухай хуулийн дагуу тооцоход хугацааны хувьд бид зургадугаар сарын 20-ны дотор амжуулна гэж тооцож буй. Нийт 30-35 хоногт багтаах боломжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, араас нь сонгуулийн хуулийг шийдэх ёстой.

Улс төрийн намуудад босго тавьсан асуудал энэ удаа орж ирэхгүй. Учир нь бид 2019 онд хөндөж байсан учраас энэ удаа авч үзэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон. Тийм учраас журмын хуулийг өөрчлөхгүй. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь бүгд дэмжиж байгаа. Яахав, гишүүдийн тоотой асуудалд багасгавал яасан юм бэ гэж ярьж буй. Бид энийг хэлэлцүүлгийн үеэр ярилцах боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
183.177.100.4

За овоодоо ашиг сонирхлын зөрчилтэй улсууд л дэмжихгүй байгаа нь илт байгаа зөв шүү !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.