"Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээлэлд Гаалийн ерөнхий газраас тайлбар өгөв.
Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир:
-ГЕГ нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Тус газар нь гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гадны улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна.
Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Нягтлан бодогчийн гэрээс 60,000 орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгаж байна. Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.