Эрх баригч Монгол ардын намаас санаачлан хэлэлцүүлж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ) УИХ дахь намуудын дэмжлэгийг авснаар Улсын их хурал руу ороход үндсэндээ бэлэн боллоо. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа бол АН-ын ҮБХ болон ХҮН намын Төлөөлөх зөвлөл өчигдөр хуралдаж, шийдвэрүүдээ гаргажээ.
ХҮН-ын дарга Т.Доржханд:
-ХҮН намын Төлөөлөх зөвлөл өчигдөр хуралдаж, ҮХНӨ-ийг дэмжлээ. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоё гэдэг дээр санал нэгдэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр манай нам, би л ялж байвал гэдгээр 30 жил явсаар Монгол нийтээрээ ялагдаад байна. Олон намын тогтолцоо алга болж, 30 жилийн өмнө нэг нам байсан бол, 30 жилийн дараа ч нэг нам засагласаар байна. Хоёр намын тогтолцоо буруу юм аа гэдгийг АНУ ойлгож эхэлж байна. Грект 30 жил ээлжлэн төр барьсан хоёр нам ард түмний дэмжлэгийг хүлээн авахаа больсон байна. Иймээс бид дахин 30 жил энэ байдлаараа явж болохгүй учраас ҮХНӨ-ийг дэмжиж байна.
АН-ын дарга Л.Гантөмөр:
-АН-ын ҮБХ өчигдөр хуралдаж, ҮХНӨ-ийг хүлээн авахаар шийдвэрлэлээ. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Гэхдээ 60 хувь нь тойргоор, 40 хувь нь жагсаалтаар байх саналыг Засгийн газарт өргөн барихад бэлэн боллоо.
ҮХНӨ-ийг дэмжсэнээр МАН-тай үгсчихлээ, УИХ дахь намууд үгсэн хуйвалдаж байна гэж ойлгож болохгүй. Ардчилсан нам 2015 онд ҮХНӨ-ийг хийе гэж санаачилга гаргаж байсан. Харамсалтай нь 57 тоондоо хүрээгүй. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, холимог тогтолцоогоор явуулах гэж санаачилж байсан юм аа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.