СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-01

“Гэрэгэ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан “Гэрэгэ” бондын төлбөрийн үлдэгдэл болох 387 сая ам.долларыг дөрөвдүгээр сарын 28-нд бүрэн төлж барагдуулсан гэж мэдэгдлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Монгол Улс 2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч Баасан гаригт төлснөөр уг бондын төлбөр бүрэн барагдуулж дууссан.

Гадаад өрийн менежментээ амжилттай хийсний үр дүнд Гэрэгэ бондын үлдэгдлийг барагдуулж дууссанаар олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа харуулсан төлөлт боллоо. Засгийн газрын 8.6 тэрбум ам.долларын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан.

2023 оны нэгдүгээр сарын 19-нд гадаад зах зээлд шинэ бонд амжилттай гарсан. 650 сая ам.долларын захиалга гаргаад нийтдээ $4 тэрбумын захиалга авч чадсан. 8.65 хувийн хүүтэй гарсан. 

Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг бүрэн барагдуулж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарч байна. Дараагийн төлбөрүүд 2025 оноос хойш үргэлжилнэ. 

Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш олон талт зээлийн харилцаанд орох болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нийт 7 бонд гарсан. Хамгийн анхны буюу 2012 онд гарсан “Чингис” бонд нь төсөвт хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалттай байсан. Түүнээс хойш 2015 онд нэг удаа, 2016 онд тус бүр хоёр бонд гарсан. Тэдгээрээр төсвийн алдагдлыг нөхсөн. Бондын өр төлбөрийн нөхцөл байдал хүндэрсэн 2017 оноос хойш “Хуралдай”, "Гэрэгэ", "Номад" бондыг гаргаж, өмнөх өрөө дахин санхүүжүүлсэн юм. 

Өнөөгийн Засгийн газар ажлаа хүлээж авахад нийт 6 багц бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авсан. Эдгээр өр төлбөрийг дараах хоёр арга замаар барагдуулж ирсэн. Эхний шатанд төсөв өөрөө даахуйц хэмжээтэй бол шууд төлөлт хийж байна. Дааж чадахгүй хэсгийн хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг бууруулах замаар дахин санхүүжүүлж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.