Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж байгаа асуудлаараа экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.
Экологич Д.Туяа:
-Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн.
ҮАБЗ-ийн дарга, УИХ-ын дарга,гишүүдэд хандаж байгаа. Өмнө нь манай улсад яг ийм асуудал гарч байсан. Арав гаруй жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" стратегийн орд газарт төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хэсэгчлэн хувийн компанийнхаа нэр дээр тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнийг тухайн үед Ерөнхий сайд С.Баяр төрдөө авснаар бид "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчид болсон.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж байгаагаар, энэ тусгай зөвшөөрөл дунд Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байдаг. Цаасан дээр буусан бодит баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100% Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байдаг.
35,000 га талбайд алтны тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь цаанаа Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Хятадын хөрөнгө оруулалттай том орд газруудыг хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон авсан байна.
2-3 жилийн туршид ард иргэд энэ асуудлаар мэдээлэл өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ундны ус, малын бэлчээр, тэмээн сүргийн нутгийг хамгаалахын тулд Улаанбаатар хотод ирж хэвлэлийн хурал хийн, хууль хяналтын байгууллагад хандаж байсан.
Экологич миний хувьд яг энэ газрыг хоёр жилийн өмнө судлахыг хүсэж байсан. Сая 15 хоног яваад судлаад ирлээ. Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багийн нутаг дэвсгэр цөлжсөн, өвс ургамалгүй газар ч байна. Ундны усаа 16-90 километрийн зайнаас авдаг болжээ.
Уул уурхайн компани сүүлийн 3-5 жилийн өмнөөс хайгуул хийснээс шалтгаалан, малчдын ундны усаа авдаг худаг шавхагддаг болсон. Тухайн үедээ "Эрдэнэ монгол" гэдэг компани "Уртын гол" гэдэг багт ирээд хайгуулын үйл ажиллагаа явуулж байхад гурван жилийн өмнө 60 тонны машинаар ус авахад шавхагддаггүй байсан бол өнөөдөр 2.8 тонн литр ус авахад шавхагддаг болж, малчид хүнд нөхцөлд байна.
Ашигт малтмалын газар болон шат, шатны хурлын байгууллага тусгай зөвшөөрлийг судалгаагүй, эмх замбараагүй олгосон нь малчдын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөөд эхэлжээ.
Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүс давуу байдлаа ашиглан өөрсдийн эзэмшилдээ 5, 6 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан нь зохион байгуулалттайгаар стратегийн орд газрыг хэсэгчлэн хувааж авсан. Гадны хөрөнгө оруулалтыг татаж, гадаадын зах зээлд хувьцаа болгон арилжаалсан нь манай улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд нөлөөлж буй учир ҮАБЗ-өөс ажлын хэсэг гаргаж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" багийн нутаг дэвсгэрт олгосон 32 тусгай зөвшөөрөлтэй талбайд хяналт шалгалт хийнэ үү гэж хүсэж байна.
Улс орны эдийн засаг хүнд үед хувийн компаниуд өөрийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийж байгаа нь сайн тал байж болох ч 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн газар байсан байж болзошгүй. Хэрэв тийм бол том орд газраа төр буцаан авах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа юм.
Харин хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн компаниудад нөхөн олговор өгч стратегийн орд газраа ач үлдэж дараа үедээ нөөц болгон үлдээх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
setgel medrelin uvchin, uul uurhain buh license niileed ulsin 1% ch hurehguii, uldsen hesegt ni malchid baigaa….