Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй тухай бид 2020 онд мэдээлж байв. Үүний дагуу цагдаа, прокурорын байгууллагынхан хэд хэдэн хэрэг шалгасан бөгөөд нэгийг нь саяхан шүүхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн ял шийтгээд байна. Эхнэр нөхөр болох У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар цахим орчинд НӨАТ-ын падаан худалдах зар байршуулан 2017-2021 оны хооронд давхардсан тоогоор 1570 аж ахуйн нэгжид хуурамч баримт борлуулж, компаниудыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон аж. Гэр бүлийн хоёр таван жилийн турш энэ төрлийн гэмт хэрэг өдүүлээд зогсохгүй, түүнээс ч өмнө татвараас зайлсхийх гэмт хэрэг хийж байж. Гэвч тухайн үед Эдийн засгийн засгийн өршөөлийн болон Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, түүний үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм билээ.
Дээрх хүмүүс 2017-2021 оны хооронд “Мөнх тэнгэр констракшн”, “Дөл ананд констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи и си констракшн”, “Эй ти эс и”, “Ананд финанс” зэрэг ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй компанийн эрхийг худалдан авч, 1537 аж ахуйн нэгжид ямар нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын падааныг татварын байгууллагын программд оруулж, 18.7 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Про ван” (Pro one) оффист өрөө түрээслэн хуурамч падаанаа бэлтгэн борлуулж байсныг ч хууль сахиулагчид тогтоосон байдаг.
Улмаар эл гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөөрөө У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хоёр орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг эд хөрөнгийн хамт, хүүхдүүдийнхээ нэр дээр “Рэнж ровер”, “Тоёота хариер”, “Тоёота кроун” зэрэг автомашин худалдан авч ашиглаж байж.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс У.Алтанзаяа, Г.Болдбаатар нарыг Эрүүгийн хуулийн 18.3-1, 18.6-2.2, 18.7-1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэм буруутайд тооцсон юм. Ингээд У.Алтанзаяаг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид долоо, Г.Болдбаатарыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид таван жил хорихоор шийдвэрлэжээ.
Үүнээс өмнө У.Алтанзаяа нь НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой хэргийг шалгаж байсан мөрдөгч Ц.Б-т “айфоне 11” гар утас, бензиний мөнгө гэх байдлаар 420 000, нөхөр Г.Болдбаатараар дамжуулж 50 мянган төгрөгийн хахууль өгч өөрт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл авч байсан үйлдэлдээ долоон сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн юм. Хахууль авсан мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Б-т 12 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.
Татвар төлөхөөс зайлсхийсэн, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэм буруутай нь тогтоогдсон О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Х.Чинтуяа нарт эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид нэг жил зургаан сар хорих, Б.Ануударьд 5.4 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
Дээрх хүмүүстэй адил, төстэй аргаар НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж татвараас зайлсхийн мөнгө угаасан байж болзошгүй хоёр ч бүлгийг өдгөө хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Хуурамч падаан борлуулагчдаас баримт авч татвараас зайлсхийж байсан олон аж ахуйн нэгжийн удирдлага гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлж буй. Тэдэнд падаан борлуулсан гол зохион байгуулагчдыг нь өдгөө мөрдөн шалгасаар байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
aimaariin