“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц,
үр дүн аймгийн зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж нээж үг хэллээ.
Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Сарангэрэл, Байгаль орчин, аялалын жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны зочид төлөөлөгч нийт 400 гаруй хүмүүс оролцож байна. Хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд манай аймаг 20,0 сая ширхэг тарьц суулгац тарихаар гэрээ байгуулан “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болох эрхэм зорилтыг дэвшүүлэн 1497 га талбайд 3,7 сая ширхэг модыг тарихад 849.0 сая төгрөгийг зарцуулж, 3,2 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлж, аймгийн хэмжээнд “Тэрбум мод-Их ажлын эхлэл хөдөлгөөн”-ийг өрнүүлж, шинээр 6 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийн 2665 м2 талбайг зүлэгжүүлэн, 614 цэцгийн мандал байгуулж, Орхонтуул сумын "Замын булаг"-ийн усыг хуримтлуулан хөв, цөөрөм байгуулан ашиглалтад оруулан 2 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 50 мод үржүүлгийн газар шинээр байгуулагдсан байна.
2023 онд 2.5 сая ширхэг мод тарьж, мод үржүүлгийн газруудад 20,0 сая ширхэг тарьц суулгац ургуулан бойжуулж, 6,0 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлж, хомсдол, доройтолд орсон 2000 га талбайд ойжуулалтын ажлыг хийж, 11410 га талбайн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг гүйцэтгэн, 160 га талбайд арчилгаа цэвэрлэгээ хийх замаар ойн бүтээмжийг нэмэгдүүлэх, усны нөөц багатай Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Хүдэр сумдын 5 булаг шандын эхийг хамгаалж, гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах 2 хөв цөөрөм байгуулан, цөлжилт, элсний нүүлтэд өртсөж, доройтсон 20 га талбайд ойн зурвас байгуулж, голын эрэг орчмын 10 га газрыг бургасжуулах, зарим сумдад боргоцойн цех байгуулан, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас шинэ сортын 1000 ширхэг тарьц суулгац, Япон Улсаас гоёл чимэглэлийг мод, тарьц суулгацыг манай аймагт нийлүүлэхээр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Цаашид бид ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд байгальд ээлтэй эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Ногоон сум”, “Ногоон гудамж”, “Ногоон оффис”, “Ногоон ажлын байр”-ыг дэмжин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган, үр өгөөжийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, цөлжилт, газрын доройтлыг бууруулж, эрчим хүч, цэвэр усны хэмнэлттэй ногоон төсөл хэрэгжүүлж, уул уурхайн компанитай 2651 га талбайд 328.6 мянган ширхэг мод тарих гэрээ байгуулан, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудад аймгийн нэрэмжит ойн төгөл байгуулах замаар хариуцлагатай ногоон хөгжлийн салбарыг манлайлан ажиллах болно.
Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн ногоон хөгжлийн салбарын баялаг бүтээгчид та бүхэндээ тарьсан мод, тарьц суулгац нь сая саяаар өсөн үржиж, хамтын зүтгэлээр эх нутагтаа ногоон ирээдүйг бүтээцгээе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.