Мишээл хүүхдийн сангаас Баянзүрх дүүргийн 2, 7, 21, 27, 29, 30 дугаар хорооны нийт 600 хүүхэд болон 407 дугаар ангийн 12 хүмүүжигч эмэгтэйн шүдэнд эмчилгээ хийж байна.
Тус сан нь 2015 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн шүдийг эмчлэхээс гадна шүдээ тогтмол угааж хэвших дадал зуршил олгох сургалтыг явуулдгаараа онцлогтой.
Тус төвөөс жилдээ 4 удаа арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд 2023 оны анхны томоохон үзлэг, эмчилгээ, сургалтыг БЗД-т хийж байна. ЭМЯ болон Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийнхөн санал болгосны дагуу 21 дүгээр хороонд баригдаж, шинээр ашиглалтад орсон Дарь-Эх эмнэлгийг түшиглэн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Энэхүү арга хэмжээг Европын холбооноос ивээн тэтгэдэг бөгөөд өнөөдөр Мишээл хүүхдийн сангийнхны урилгаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз хүрэлцэн ирсэн юм.
Манай улсад 10 хүүхэд тутмын 9 нь шүдний цооролтой байгаа гэсэн судалгаа бий. Тиймээс Мишээл хүүхдийн төвийнхөн энэхүү тоог багасгах зорилго тавьж 2015 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 9500 хүүхдийн шүдийг эмчилж, 15000 хүүхэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулсан хэмээн тус төвийн мэргэжилтэн хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.