Шүүр ажиллагааны шаардлагуудыг төрийн үйлчилгээний албан хаагчдад ашиглахгүй байхыг анхаарууллаа.
Засгийн газар 2023-2024 оны Авлигын эсрэг жил болгон зарласантай холбогдуулан 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд Шүүр ажиллагаа нь төрийн албаны тухай хуулийг биелүүлээгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай 11 шаардлага бүхий албан тоотыг төрийн байгууллагууд, төрийн өмчит компани зэрэгт хүргүүлсэн. Тус 11 шаардлагын 1, 2 болон 4-р заалтуудаар төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тохиолдол их байгааг ирүүлсэн тайлангуудад дурджээ.
Гэтэл тус заалтууд нь төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх ёстой байтал төрийн үйлчилгээ буюу багш, эмч нарт хавтгайруулж ашигласан нь албан тоотыг буруугаар хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээллээ.
Тодруулбал,
1. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон гэсэн заалт нь
2. Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон,
3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон зэрэг заалтууд нь тухайн байгууллагын дарга, удирдах албан тушаалтанд хамаарах юм байна.
Гэтэл албан тоот хүлээн авсан удирдах албан тушаалтнууд орон нутгуудад хүний нөөцийн хомстолтой байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний салбаруудын албан хаагчдад ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл өгч эхэлсэн нь заалтуудыг буруугаар ашиглаж буй үйлдэл учраас хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Шүүр ажиллагаа төрийн байгууллагуудын доод шатнаас эхэлж хууль тогтоомж дагуу албан хаагчдыг томилж байгаа эсэхэд анхаарлаа хандуулан ажилласан бол ирэх өдрүүдэд яамдад ажиллаж, албан хаагчдыг хуулийн дагуу томилон ажиллуулж байгаа эсэхийг шалгахаар болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүр ажиллагааны шүүр нүх томтой байна.. хамруулах хүнээ бүрэн хамруулж чадахгүй байгаа..