СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-27

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төмөр замын тээврийн тухай хуулиар завсарлага авав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

  Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06, 07-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. 

  Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцаасан.

  Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах үед хуулийн төслийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгох, төмөр замын суурь бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд түншлэлийн гэрээнд суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг зайлшгүй тусгаж өгөх, энэ хугацаанд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгчийн үйл ажиллагааг давхар эрхэлж болох зохицуулалтыг төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд ажлын хэсгээс бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төслөөр салбарын сайд нь 27 журам батлах зохицуулалттай байгаа, харин шүүх зөвхөн Засгийн газрын баталсан журмыг мөрддөг. Тиймээс журмуудыг Засгийн газар батлах шаардлагатай, төсөлд ийм зохицуулалт тусгамаар байна. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар төслийг хэлэлцэх шаардлага бий” гээд тав хоногийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу нэг хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.