СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-27

Meta пуужиндав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. 2024 онд хугацаа нь дуусах бондоо эргүүлэн авах, солих саналаа MMC цуцаллаа.
  2. "Shangri-La Asia"-ийн Монгол Улсын зах зээлээс олсон орлого нь 2 дахин нэмэгджээ.
  3. "Microsoft" компани "Activision Blizzard"-ийг худалдан авах хэлцэлд Британийн зохицуулагч байгууллага хориг тавив.

Өрийн эрсдэл

Ирэх онд Монгол Улсын эдийн засаг 6.5 хувиар өсөж, инфляц найман хувьтай байхаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж буйг Сангийн сайд мэдээллээ. 2024 онд улсын нэгдсэн төсвийн орлого 21 их наяд 163 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 11 хувийн өсөлттэй, зарлагын дээд хэмжээ 22 их наяд 900 тэрбум төгрөг буюу 2023 оынхоос 12 хувийн өсөлттэй байхаар боловсруулжээ.

Үүнээс гадна Засгийн газар тавдугаар сарын нэгэнд төлж барагдуулах "Гэрэгэ" бондын 368.7 сая ам.долларын өрийг энэ оны эхний улиралд олон улсад гаргасан “Century-2” өрийн бичгийн хүрээнд гадаад валютын нөөцөд дарамт учруулахгүйгээр төлөх боломжтой болсныг онцолсон байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд ЗГ нийт 1.65 тэрбум ам.долларын гадаад өрийн зохицуулалт хийснээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эрсдэлгүй болсон аж.

MMC саналаа татав

"Mongolian Mining Corporation" компани 2024 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах бондоо эргүүлэн худалдан авах тендер саналаа цуцаллаа. Түүнчлэн солих болон зарах тендер саналаа цуцалсантай холбогдуулан компани шинэ бонд гаргахаа зогсоожээ. MMC өмнө нь 9.25 хувийн хүүтэй, 350.2 сая ам.долларын бондоо буцаан худалдан авах эсвэл шинэ бондод хөрвүүлэх саналыг хөрөнгө оруулагчдадаа тавьж, нэгжийг нь 1,000 ам.доллароор худалдан авах саналыг тавдугаар сарын 3 хүртэл идэвхтэй авахаар төлөвлөж байсан юм. 

Байр суурь

"Монголд сэргээгдэх эрчим хүчний төсөл хөгжүүлж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хувьцаа эзэмшигчид, цахилгаан шугам сүлжээ хариуцагч байгууллагууд, эрх баригчдын хүсэл сонирхлыг харгалзан бага зэрэг өөрчлөлтүүд хийх шаардлага гардаг. Мэдээж түүхий эдүүд Монголын эдийн засгийн гол хөшүүрэг боловч нар, салхийг ч мөн адил Монголын томоохон боломж гэж үзэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон улсын санаачилгад нэгдэж, нар, салхины эрчим хүчний нөөцөө бүс нутгийн түвшинд ашиглах, бусад улс руу экспортлох ч боломж бий. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг бүрэн ашиглахад бодлогын зорилго, чиглэл тодорхой байх нь чухал. Нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах боломжтой байх хэрэгтэй" хэмээн "Клинтек" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ханс-Христоф Брумберг "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Shangri-La UB-ийн өсөлт

Олон улсын зочлох үйлчилгээний салбарын тэргүүлэгчдийн нэг "Shangri-La Asia"-ийн орлого 2022 онд 18 хувиар өсөж, 1.46 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь цар тахлын жилүүд буюу 20, 21 онтой харьцуулахад өсөлт эрчимжсэн үзүүлэлт юм. Компанийн өнгөрсөн оны тайланд онцолсноор Эх газрын Хятад дахь бизнесийн орлого нь төдийлөн өсөөгүй ч Лондон, Парис, Сингапурын орлого нь өсөлтөөрөө тэргүүлжээ. Харин Монгол Улсын зах зээлээс олсон орлого нь 13.5 сая ам.доллар болж 2 дахин нэмэгдсэн байна. 

Доха руу ниснэ

Монгол Улс болон Катар улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталснаар Улаанбаатар хотоос Ойрх Дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч, ачаа тээвэрлэх, мөн монголчууд дэлхийд тэргүүлэгч авиа компани “Qatar Airways”-ээр үйлчлүүлэх боломжтой болж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК Улаанбаатар-Дохагийн чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдоод байгаа юм.

Нүүрсний арилжаа

Нүүрсний цахим арилжаанд оролцохоор бүртгүүлсэн компаниудын тоо 155 хүрснээс 20 компани нь арилжаанд идэвхтэй оролцож байгааг МХБ мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, "Энержи Ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иуд нийт 89,600 тонн, 43.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсийг амжилттай арилжжээ. Ингэснээр сүүлийн байдлаар биржээр арилжсан нүүрсний нийт хэмжээ 1.1 сая тоннд хүрсэн байна.

Meta "пуужиндав"

"Meta"-ийн эхний улирлын орлого нь шинжээчдийн төсөөллөөс давж, цахим зар сурталчилгааны зах зээл сэргэж эхэлсэн дохиог өгснөөр сошиал сүлжээний аварга компанийн хувьцааны ханш огцом өсөөд байна. Гурван улирал дараалан буураад байсан компанийн орлого өнгөрсөн улиралд 28.6 тэрбум ам.доллар болж өссөн нь шинжээчдийн дундаж төсөөлөл болох 27.7 тэрбум ам.доллароос илүү гарсан аж. Харин энэ онд 74 хувиар өсөөд байгаа компанийн хувьцааны ханш тайлан гарсны дараа 12 хувиар өсжээ.

Технологийн бусад аваргууд ч гэсэн сайн мэдээтэйгээр улирлын тайлангаа танилцуулав. Үүлэн тооцооллын технологийн үйлчилгээнийх нь эрэлт тогтвортой байсны ачаар "Microsoft"-ийн борлуулалт 7.1 хувиар өсөж, 52.9 тэрбум ам.доллар хүрсэн бол нөгөө талд “Alphabet”-ийн борлуулалт шинжээчдийн таамгаас мөн давж, 58 тэрбумд, цэвэр ашиг нь 15 тэрбум ам.долларт хүрчээ.

Том хэлцэл, том хориг

"Microsoft" компанийн "Activision Blizzard"-ийг 69 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд Британийн монополын эсрэг зохицуулагч байгууллага хориг тавьснаар видео тоглоомын зах зээлийн хамгийн том хэлцэл талаар болж магадгүй боллоо. Их Британийн Зах зээл, өрсөлдөөний удирдах газраас "Activision"-ийн хөгжүүлдэг "Call of Duty" зэрэг алдартай цувралууд нь үүлэн технологид суурилсан тоглоомын зах зээлд "Microsoft" өрсөлдөгчдөө шахан гаргах нөхцөлийг бий болгосноор жижиг боловч хурдацтай тэлж буй тус салбарын өсөлтөд саад учруулж болзошгүй гэж үзжээ. Компаниуд тус шийдвэрийг давж заалдахаар төлөвлөөд байгаа аж.

Саадыг арилгав

БНХАУ-д зочлох жуулчдаас цаашдаа PCR шинжилгээний "Сөрөг" хариу шаардахааргүй болсныг тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Ийнхүү тус улс жуулчдын тоог хазаарлаж байсан гол шаардлагаа цуцалснаар сэргэлт нь харьцангуй удаан байсан агаарын тээврийн салбартаа томоохон дэмжлэг үзүүлж байна. 

AI-н ирээдүйг атгагч

"Large-scale AI Open Network" буюу товчоор LAOIN нь Германы нэгэн ахлах сургуулийн багш Кристоф Шуманны хүсэл тэмүүллээрээ хийсээр ирсэн төсөл юм. Өсвөр настнуудад физик, мэдээлэл зүй заахаас бусад цагтаа тэрбээр хоббигоороо холбогдсон бяцхан багийнхантайгаа ажиллаж, өдгөө дэлхийн хамгийн томд тооцогдож буй хиймэл оюуны сургалтын үнэгүй өгөгдлийн багцыг хөгжүүлж байна. Таван тэрбум гаруй зургийн сантай LAOIN нь "Google"-ийн "Imagen" болон "Stable Diffusion" зэрэг бичвэрээс зураг бүтээдэг генератив үйлчилгээг ажиллах нөхцөлөөр хангаснаар хиймэл оюуны ирээдүйн салшгүй хэсэг болсон юм. Түүнчлэн хиймэл оюуны зохицуулалтыг хэрхэн хийх талаар маргааны гол сэдэв нь LAOIN болж байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

Хямралын улмаас Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн компаниуд үүдээ барьж эхэллээ

“General Motors”, “Samsung SDI” компаниуд АНУ-д цэнэг хураагуурын үйлдвэр барина

Н.Мөнхбаяр: Хаягдал дугуйгаар резин хавтан үйлдвэрлэж байна. Нийслэлд түүхий эд хангалттай бий

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.