СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөгийн үеэр иргэд зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт болон эрт илрүүлгийн талаар зөвлөгөө өгч байна. Харин Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж буй иргэдэд зөвлөгөө өгөх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах хүсэлт илгээх талаар мэдээлэл хүргэж буй юм. Мөн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгч, гадаад улсаас шилжин суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн нийгмийн салбарын бүх байгууллага тус өдөрлөгт оролцож буйгаараа онцлог. Иргэд мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэсэн үг. Төрийн байгууллагууд иргэдтэй ойр байж, мэдээлэл, үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэх хэрэгтэй. Иргэд хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна өргөдөл гомдол хүргүүлж, шийдвэрлүүлэх, нийслэлд хэрэгжиж буй нийгмийн салбарын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой” гэлээ.

Тус өдөрлөг өнөөдөр, маргааш буюу дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.