Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс бүрэн ангижирсан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Манай яам өнөөдрийн хуралдаанд гурван асуудал оруулж шийдвэрлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар 2018-2021, 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын гадаад өрийн менежментийг хийгээд явж байгаа. Үүний үр дүнд сайн үзүүлэлт гарч эхлээд байна.
2022 оны 9 дүгээр сард гадаадын өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг багасгах шийдвэртэй арга хэмжээг авсны үр дүнд Монгол Улс гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан гэж хэлж болохоор боллоо.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд "Чингис бонд"-ын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлсөн. Удахгүй тавдугаар сарын нэгэн гэхэд "Гэрэгэ" бондын 368.7 сая ам.долларыг бүрэн төлж дуусах боломж хангасныг Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөв.
Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн "Сенчири-2" төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж байна.
Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн хуралд оролцож байхад нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт оржээ. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна. Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч Засгийн газрын шийдвэртэй арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт ороогүй гэж хэлж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.