СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-26

Apple+AI+коучинг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. "Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн ХБҮЦ-ны захиалга цаг хүрэхгүй хугацаанд дүүрч 9 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ.
  2. "Эрдэнэт Үйлдвэр"-ийг 2019 онд төр эргүүлэн авсны дараа үйл ажиллагааны зардал нь 345 тэрбумаас 700 тэрбум төгрөг хүртэл өсжээ. 
  3. Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө зарлалаа.

*Нэг өдрийн өөрчлөлт | Сүүлийн 6 сарын график

"Бэрс-2" ХБҮЦ

"Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК хоёр жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй "Бэрс-2" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 41 минутын хугацаанд 9 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр захиалга нь 100 хувь биелэгдлээ. 2022 онд "Бэрс Финанс" 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож эргэн төлөлтөө амжилттай хийж байв. Одоогийн байдлаар анхдагч болон хоёрдагч арилжааны 17.5 хувийг ХБҮЦ эзэлж байгааг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга мэдээлсэн юм.

Айлчлалын үр дүн

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ хийсний зэрэгцээ Польш-Монголын бизнес форум болж, хүнс ХАА, уул уурхай, банк санхүү, тээврийн салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлал, форумын бусад үр дүнгүүдээс дурдвал:

  • Польш улсын Элчин Сайдын Яамыг Монголд дахин нээснээс гадна 2024 онд тус улсын Консулын газрыг нээхээр болов. 
  • Дамжин өнгөрөх тээврийн өртгийг хөнгөлөх талаар Польшийн талтай санамж бичиг байгуулав.
  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар болов. 
  • Ирэх 5-10 жилийн хугацаанд Польш, Монгол хоорондын худалдааны эргэлтийг 4-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавив.

Байр суурь

"2016 онд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49%-ийг хувьд шилжүүлснээр санхүү, эдийн засгийн албыг нь хувийн сектор барих болсон. Үр дүнд нь 2016 онд 103 тэрбум төгрөг байсан ашиг нь 2017 онд 323 тэрбум төгрөг болж, гурав дахин нэмэгдсэн. Үйл ажиллагааны зардал 703 тэрбум төгрөг байсан нь жил бүр 100-200 тэрбумаар багассаар 2019 онд 493 тэрбум төгрөг болсон тул ашиг нь анх хувьчилснаас хойш бараг 5 дахин өссөн гэсэн үг. Харин 2019 онд төр өөртөө эргүүлж авснаар үйл ажиллагааны зардал нь 345 тэрбумаас 700 тэрбум төгрөг хүртэл нэмэгдсэн. Үйл ажиллагааны зардал бол удирдлагын зардал, борлуулалтын зардлаас бүрддэг. Борлуулалтын орлого өсөөгүй байхад хувьсах шинжтэй, өсөх ёсгүй борлуулалтын зардал өссөнөөс харвал удирдлагын зардал гол жин дарсан гэж ойлгож болно" хэмээн СЭЗИС-ийн Дэд захирал С.Бямбахорлоо "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

ESG буюу БОНЗ 

"Resiliency Consulting Service" компани ЕСБХБ-тай хамтран барилга, хүнсний салбарын "Монос Хүнс", "Монголбазальт", "Увс Хүнс", "Премиум Конкрит" гэсэн дөрвөн компанид байгаль орчин, нийгэм, засаглалын суурь үнэлгээ хийж, зөвлөмж өгсөн байна. Энэ хүрээнд тус компаниудад хаягдал дахин ашиглалт, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ зэрэгт сайн үнэлгээ өгсөн бол хүлэмжийн хийн ялгарал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд анхаарах шаардлагатай гэж дүгнэжээ. Ерөнхийдөө нийгэм, засаглалын хувьд компаниуд хамгийн өндөр оноо авсан бол байгаль орчны чиглэлд хамгийн бага буюу дунджаар 10-аас 5.3 оноо авсан нь анхаарал татаж байна.

Хийн нөөц илрүүлэв

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas" компани 2023 оны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийнхөө эхний дөрвөн цооногийн бүгдээс нь нүүрсний давхаргын метан хийн нөөц илрүүлснээ мэдэгдлээ. Компани цаашид "Улаан нуур" талбайд хийсэн цооногуудаас  хийн агууламжийг тодорхойлохоор ажиллахаар болжээ. Цооногоос 16-44.2 метрийн зузаантай хийн давхаргууд илрүүлснээс хоёр нь 40 метрээс дээш зузаантай нүүрсний давхаргын хий байсан байна.

Дахин тулаанд бэлэн 

Дэлхийн хамгийн том эдийн засаг уналтын ирмэгт тулж, сонгогчид нь инфляцын дарамтаас бүрэн ангижраагүй хэвээр байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө зарлалаа. Тэрбээр уг шийдвэрээ танилцуулсан мэдэгдэлдээ ардчиллыг хамгаалах, экстремизмтэй тэмцэх сэдэвт төвлөрч, түүнтэй дахин өрсөлдөх магадлал өндөр байгаа Дональд Трампаас ялгарах гол давуу тал гэж үзэж буй бодлогуудаа тодотгосон байна. 

Гэхдээ АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Жо Байден дахиад дөрвөн жил энэ ажлаа үргэлжлүүлж чадах эсэхэд эргэлзэх хүн олон байна. Улиран сонгогдвол хоёр дахь бүрэн эрхийнхээ төгсгөлд 86 нас хүрэхээр байгаа түүнийг 10 сонгогч бүрийн 7 нь дахин өрсөлдөх хэрэггүй гэж үзсэнийг NBC-ийн санал асуулга харуулжээ.

Улсдаа ноёрхов

Уоррен Баффетын хөрөнгө оруулалттай BYD компани зогсошгүй өсөлтөө хадгалсаар анх удаагаа Volkswagen-ийг гүйцэж БНХАУ-ын хамгийн өндөр борлуулалтай авто брэнд боллоо. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компани нэгдүгээр улиралд улсдаа 440 мянган нэгж автомашин борлуулсан үзүүлэлтээр герман өрсөлдөгчөө давжээ. VW-ийн хувьд 2008 оноос хойш урд хөршийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлж байсан юм.

Apple+AI+коучинг

"Apple" компани хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн коучингийн үйлчилгээ болон хүний сэтгэл хөдлөлийг хянах шинэ технологийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаагаа мэдээллээ. "Quartz" хэмээн одоогоор нэрлээд байгаа тус шинэ үйлчилгээ нь хэрэглэгчдийн дасгал хийх урам зоригийг хадгалах, хоолны болон нойрны зуршлыг сайжруулахаар загварчлагдсан аж. Ажиллах зарчмын хувьд хиймэл оюун ба "Apple Watch"-ийн бүртгэсэн датаг ашиглаж, хэрэглэгч тус бүрт тусгайлан бэлтгэгдсэн коучинг хөтөлбөрийг зохиох юм байна.

Бөх нойр

БНХАУ-ын Ангараг гараг дээр буулгасан анхны судалгааны робот олон сар үргэлжилсэн "унтаа" буюу идэвхгүй горимоосоо сэрж чадаагүйг Хятадын эрдэмтэд баталжээ. Нарны эрчим хүчээр ажилладаг, домогт гардаг галын бурхны нэрээр нэрлэгдсэн "Журон" робот нь 2021 оны тавдугаар сард зорьсон газартаа амжилттай хүрснээр БНХАУ тус гараг дээр судалгааны роботоо буулгасан АНУ-ын дараах хоёр дахь улс болж байв. Уг бүтэлгүйтлийг тайлбарлах хамгийн боломжтой хувилбар гэвэл робот Ангарагийн тоос шороонд дарагдсанаар цахилгаан үүсгэх чадвараа алдаж, улмаар "нойрноосоо сэрээгүй" байх магадлалтай аж. Бүгдэд л тохиолддог зүйл дээ...

BloombergTV.mn танд санал болгож байна

I улиралд БНСУ-ын эдийн засаг тэлсэн ч эрсдэл өндөр хэвээр байна

АНУ-ын хатуу зохицуулалтын улмаас “Gemini” Азид үйл ажиллагаагаа тэлэхээр болов

Ши Жиньпин АНУ-тай өрсөлдөх инновацлаг компаниудыг дэмжихээ амлав

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.