Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, тайлан мэдээллийг цаашид УИХ сонсож байх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзэж байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийн хязгаарыг тодорхой болгох, ил тод нээлттэй байдлыг хангах асуудлууд түлхүү хөндөгдсөн юм.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд улсын төсвийн орлогын 70-80 хувь нь татвараас бүрддэг бөгөөд дийлэнхийг топ 100 аж ахуйн нэгж бүрдүүлж ирсэн. Харин татвараас бусад ногдол ашгийн орлого маш бага түвшинд байна. Эсрэгээрээ төрийн өмчит компаниудын өр зээл, дамжуулан зээллэгийн хэмжээ маш өндөр байдаг нь дүн шинжилгээнээс харагдаж буйг гишүүд онцлов. Мөн түүнчлэн зээл авсан төрийн өмчит компаниуд авсан зээлээ буцааж төлдөггүй, улмаар татвар төлөгчдийн мөнгө болох төсвөөс төлж барагдуулдаг зүйл хэвшил болж буй тул төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, тайлан мэдээллийг цаашид УИХ сонсож байх нь зүйтэй гэж үзлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.