Гурван өгүүлбэрээр:
Монгол, Польшийн худалдаа
Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар худалдаа, тээвэр, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарыг хамарсан албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг ЕТГ мэдээлэв.
Хоёр талын худалдааг харвал Монгол Улс экспортолж байгаагаасаа 160 дахин өндөр үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн Польш улсаас импортолж байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Байр суурь
"Төгрөгийн ханш чангарч буй энэ нөхцөлийг богино хугацаанд авч үзвэл эхний гурван сард экспортолсон нүүрсний хэмжээтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Бусад чиглэлд манай валютын нөөцийг нэмэгдүүлэхүйц гадаадын томоохон хөрөнгө оруулалт, зээл, санхүүжилтийг бид оны эхнээс хойш авсангүй. Бид валютын зах зээлээ "чөлөөт хөвөх ханштай" гэж тодорхойлдог боловч үнэндээ завсрын шинж чанартай, байнга интервенц хийх замаар валютын ханшийг тогтворжуулах үйлдэл хийдэг. Төгрөгийн ханш чангарах энэ үзэгдэл ойрын нэг хоёр сардаа тогтвортой байх хандлагатай. Харин цаашдаа эдийн засгийн дотоод идэвхжил, валютын эрэлтээс шалтгаалж эерэг үзүүлэлт саарах төлөвтэй тул Монголбанк намраас эхлээд тодорхой хэмжээний интервенц хийх шаардлага үүсэх магадлалтай" хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
CU-ийн зорилт
CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК 2022 онд үндсэн дөрвөн чиглэлд нийт 41.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохоо 2022 оны үйл ажиллагааны тайландаа дурджээ. Тэр дундаа "Ая тухтай дэлгүүрийн тэлэлт" гэсэн үндсэн чиглэлд нийт 26.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2022 оны байдлаар нийслэлд нийт 285 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж багаа CU сүлжээ дэлгүүр энэ онд 365 салбарт дэлгүүртэй болж, жилийн 390 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөснөө мэдээлсэн юм.
Газрын тосны үйлдвэр
Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тосны үйлдвэрийн барилгын ажлын эхний шат 2023 онд дуусаж, 2025 онд ашиглалтад орохоор байгааг Монгол Улсаас БНЭУ-д суух Элчин сайд Д.Ганболд мэдээлжээ. Он гарсаар 630.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгаа Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 70 хувийг дотоодоосоо хангахад тус үйлдвэр дэм болохыг тэрбээр онцолсон байна.
Зогсошгүй LVMH
Тансаг бараа бүтээгдэхүүний аварга LVMH хагас их наяд ам.долларын үнэлгээтэй Европын анхны компани боллоо. "LV"-ийн цүнх, "Moet"-ийн оргилуун дарс, "Dior"-ийн сүрчгийг үйлдвэрлэдэг тус компанийн бүтээгдэхүүний эрэлт инфляцыг үл харгалзан огцом өсөлтөө хадгалснаар хувьцааных нь ханшийг хөшүүрэгдэж, улмаар зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллар давахад түлхэц болжээ. Парисын биржид бүртгэлтэй LVMH ердөө хоёр долоо хоногийн өмнө дэлхийн хамгийн том 10 компанийн нэг болсон бөгөөд одоогоор 505 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй "Tesla"-г гүйцэхэд тун ойрхон ирээд байна.
$-ын ханш унах шалтгаан
"Bloomberg"-ийн "Markets Live"-ийн судалгаанд оролцсон 331 мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 87 хувь нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ гурван хувиас доош түвшинд хүртэл сулруулна гэсэн бол 40 хувь нь энэ ондоо багтан бодлогын хүүг сулруулж эхэлнэ гэж хариулсан байна. Мөн тэдний дийлэнх нь ам.долларын ханш үргэлжлэн унана гэж үзэж байгаа юм. Тэгвэл ам.долларын ханш сулрахад ямар хүчин зүйл хамгийн их нөлөөтэй вэ?
Вьетнамыг чиглэсээр
“Apple” компанийн “MacBook” компьютерийг үйлдвэрлэгч “Quanta Computer” компани Вьетнамын хойд хэсэг дэх Нам Дин мужид 120 сая тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, шинэ үйлдвэрээ барихаар төлөвлөжээ. 22.5 га талбайд баригдах тус үйлдвэр нь Тайваньд төвтэй “Quanta Computer” -ийн ес дэх үйлдвэр болох бөгөөд ашиглалтад орох хугацаа нь одоогоор тодорхой бус байгаа аж.
Хоосон элс $34 сая
Сүрлэг харш биш, тансаг пентхаус ч биш, зүгээр л элснээс өөр юу ч үгүй хоосон газар 34 сая ам.долларын үнэ хүрэх болжээ. Дубай хотын нэгэн хиймэл арал дээрх хэсэгхэн газар 125 сая дирхамаар зарагдсанаар гадаадын хөрөнгийн урсгалаас олох ашгаа нэмэгдүүлсээр байгаа зах зээлд шинэ дээд амжилт тогтоосон байна. Худалдан авагч нь Арабын Нэгдсэн Эмират улсад амьдардаггүй бөгөөд хожим 2275 метр квадрат талбайтай тус газарт гэр бүлдээ зориулсан амралтын байшин барихаар төлөвлөсөн аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Хөрөнгө оруулагчид “Tesla”-ийг буруу менежментээр ажиллаж байна гэж шүүмжлэв
Таваарын зах зээлийн энэ 7 хоногийн онцлох чартууд
Хуримын зах зээл сэргэснээр “Signet Jewelers” жилийн орлогоо $10 тэрбум хүрнэ гэж тооцоолов
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.